Уншиж байна ...

"Энэ онд Офицеруудын ордноос Ботаникийн тойрог хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болсон. Уг зохицуулалтыг бусад чиглэлд үргэлжлүүлэх юм байна.

Энэ тухай ЗХУТ-ийн дарга Ч.Хувьзаяа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, ТЦА, НТБГ, ЗХУТ, НЗХГ өдөр бүр хамтарч ажиллаж, 14 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал наймдугаар сарын 25-наас хойш М1 чиглэл болон Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн 1,717 автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулахад 828 удаагийн гэрлэн дохио болон цагдаагийн биет зохицуулалтаар дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр 2024 оны мөн үед нийтийн тээврээр 413,000 иргэн зорчдог байсан бол энэ үед 580,000 зорчигч үйлчлүүлсэн.

2024 онд Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчдог М1 чиглэлийн автобусны дундаж хурд 10.6км/цаг байсан бол 2025 онд 11.8км/цагийн хурдтай явж эхэлсэн. 

Нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулснаар хурд, зорчигч нэмэгдсэн гэдгийг жолооч нараас авсан судалгаа харуулж байна.

Офицеруудын ордноос Ботаникийн тойрог хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг энэ жилдээ багтаан чөлөөлнө. Тус авто замаар нийтийн тээврийн есөн чиглэлийн 88 автобус зорчдог юм.

Нийтийн Тээврийн Сангийн санхүүжилтээр Нисэхийн тойргоос Тэмээтэй хөшөө хүртэлх, Цайз 16-гаас 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг камержуулна" хэмээн танилцууллаа.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, оноос өмнө нийтийн тээврийн автобус явуулах зохицуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Дараагийн ээлжид 3, 4 дүгээр хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж.