БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчдийг нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулж, малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналаа төлөөлөгчдөд илэрхийлсэн байна.
Харин Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуйн зүгээс “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй.
Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэлжээ.
Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцжээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг Улаанбаатар хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар болоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!