Улаанбаатар хот өнөөдөр/2025.12.06/ бүхэлдээ утаатай байна.
Харин утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хотын дарга Х.Нямбаатар "Утааны асуудлаа шийдээч ээ гэж иргэд хэлж байна. Айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байж утаа шийдэгдэнэ. Юм түлэхэд заавал утаа, угаар, нүүрсхүчлийн хий ялгарна гэж 10 жилийн сургуульд химийн хичээл дээр үзсэн. Ирэх жилүүдэд газар чөлөөлөлтийг ихээр хийхээр төлөвлөж, дэд бүтцийн шугам сүлжээнүүдийг угсарч, ДЦС барих ажлыг эхлүүлээд байна.
1990 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 550 гаруй мянга, 2000 онд 700 мянга, өнөөдрийн байдлаар 1.7 сая болсон. Энэ хооронд айл өрхүүдийн ихээр нэмэгдсэн тул гэр хороололд 0.07 га газар олголтыг зогсоосон.
Энэ онд 3,000 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа. Цаашид Дамбадаржаад 600 нэгж талбар, 6 буудал, Гандан, 3,4 дүгээр хорооллын арын дэнж, Сонгинохайрхан дүүрэгт 3,4,5,8 дугаар хороо, Цайз, Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль орчмын газрыг чөлөөлж, орон сууц барина.
Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална. Алга урвуулахын хооронд энэ утааг арилгаж барахгүй. Утаа гэнэтхэн өнөөдөр бий болсон юм шиг яримааргүй байна" гэж өнөөдөр тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!