Уншиж байна ...

Трампын танилцуулсан АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Стратегийн онцлох таван санаа

Т.Давааням, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын стратегийн баримт бичгээ шинэчлэн нийтэлжээ.

Өмнөх баримт бичиг 2022 онд ерөнхийлөгч Жо Байдены үед нийтлэгдэж байсан юм. Шинэ хувилбар өмнөх шигээ Хятад улсыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том сорилт гэж зарлаагүй нь анхаарал татаж байна.

Үүний оронд Трампын засаг захиргаа бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх бодлогыг түлхүү баримтлахаа амлажээ.

Ингээд энэхүү чухал бичиг баримтын таван гол санааг хүргэж байна.

 

Бөмбөрцгийн баруун хагасын ноёрхол

Дэлхийн өөр бүс нутгуудын асуудалд хөндлөнгөөс оролцохын оронд бөмбөрцгийн баруун хагас буюу Умард, Өмнөд Америк тивүүдийн асуудалд голлон анхаарч, энэ хэсэгт АНУ-ын нөлөөг тогтоох зорилт тавьжээ.

Ингэхдээ Америкт тивд Европын колоничлолыг эсэргүүцэх 19 дүгээр зууны АНУ-ын гадаад бодлого болох Монрогийн Номлолыг ашиглахаар тусгасан байна.

Тухайлбал Трампын засаг захиргаа бөмбөрцгийн баруун хагаст гаднын нөлөөг хориглохын зэрэгцээ хар тамхины наймаа, хууль бус шилжилт хөдөлгөөнийг цэгцэлж, хувийн өмчид тулгуурласан эдийн засгийн хөгжлийг дэмжихээр тусгажээ.

“Бид манай зарчим, стратегитай нийцсэн бүс нутгийн засгийн газрууд, улс төрийн намууд, хөдөлгөөнүүдийг урамшуулан дэмжих болно” гэж баримт бичигт заасан байна.

Бүс нутгийнхаа орнуудын консерватив улс төрчдийг дэмжих бодлогыг Трамп нэгэнт явуулж эхлээд байгаа. Тухайлбал тэр Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн засгийн газрыг хямралаас аврахын тулд $40 тэрбумын тусламж үзүүлж байлаа.

Мөн Карибын тэнгис болон Номхон далайд хар тамхи тээвэрлэгчдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхлээд байгаа.

“Бид бөмбөрцгийн өөрийн хагаст бөмбөрцгийн нөгөө талын өрсөлдөгчид аюул заналын чадавхаа нэмэгдүүлэх, стратегийн хувьд чухал хөрөнгө эзэмшихийг нь эсэргүүцэн няцаах болно” гэж өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл дэлхийн бөмбөрцгийн баруун хагасыг өмчилж, бөмбөрцгийн зүүн хагасын өрсөлдөгчдийг өөрийн нөлөөллийн хэсэгт нэвтрүүлэхгүйгээ анхааруулсан байна.

 

Тайванийн мөргөлдөөнөөс сэргийлэх

Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гарсан стратегийн хоёр бичиг баримтад Хятад улстай өрсөлдөх нь АНУ-ын тэргүүлэх чиглэл гэж заасан байдаг.

Тэгвэл шинэ бичиг баримтад энэ асуудал тэргүүлэх байр суурь эзлээгүй байна. Гэхдээ Азийн холбоотнуудтай хамтран ажиллаж, Бээжингийн бодлогод сөргөөр нөлөөлөх хүчийг бий болгох шаардлагатайг онцолжээ. Ингэхдээ Энэтхэг улсын нэрийг тухайлан дурдсан байна.

“Бид худалдааны болон бусад харилцаагаа өргөжүүлэх замаар Энэтхэг улсыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулагч болгох ёстой” гэж заажээ.

Үүнээс гадна Хятадын эрх баригчид Тайванийг хүчээр эзлэх эрсдэл байгааг онцлохдоо Тайванийг компьютерын хагас дамжуулагч чип үйлдвэрлэлийн гол тоглогч болохыг нь дурдсан байна.

Хэрвээ Тайванийг эзэлбэл Хятад улс Номхон далайн арлуудын хоёр дахь гинжин хэлхээнд хандах замтай болж, дэлхийн худалдааны гол зам болох Өмнөд Хятадын тэнгист байр сууриа бэхжүүлэх боломжтойг сэрэмжлүүлжээ.

“Тиймээс цэрэг зэвсгийн хүчний давуу талаа хадгалах замаар Тайванийн мөргөлдөөнөөс сэргийлэх нь манай нэн тэргүүний зорилт байх болно” гэж стратегийн бичиг баримтад өгүүлсэн байна.

Ингэхдээ бүс нутгийн холбоотнууддаа батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж, дээрх зорилтыг Америк дангаараа хангаж чадахгүйг анхааруулжээ.

 

Европыг шүүмжлэх нь

Трампын засаг захиргаа стратегийн шинэ бичиг баримтдаа Европын холбоотнуудаа нэлээд хүчтэй шүүмжилжээ.

Тухайлбал Европын эрх баригчдыг “үг хэлэх эрх чөлөөг хориглож, улс төрийн өөр үзэл бодлыг дарангуйлж байна” гэж шүүмжилсэн байна.

Мөн дүрвэлт, шилжилт хөдөлгөөнийг зохицуулаагүйгээс “соёл иргэншил устгах хэтийн төлөв”-тэй тулгарч болзошгүйг анхааруулжээ.

Бас Орос, Украины дайны асуудалд Европын эрх баригчид “бодит бус хүлээлт”-тэй байгааг шүүмжилж, АНУ-ын ашиг сонирхол уг мөргөлдөөнийг зогсоох болохыг онцолжээ.

Үүнээс гадна АНУ-ын засаг захиргаа цаашдаа Европын аюулгүй байдлыг хамгаалахгүй болж магадгүйг баримт бичигт дурдсан байна.

“Европыг өөрийн хөл дээрээ зогсож, ямар ч гаднын хүчний нөлөөнд авталгүйгээр өөрийн батлан хамгаалах хариуцлагыг үүрдэг, эв нэгдэлтэй, тусгаар тогтносон улсуудын бүлэглэл болж ажиллахыг нь дэмжинэ” гэж заажээ.

 

Ойрх Дорнодоос анхаарлаа холдуулахуй

Трампын стратегийн бичиг баримтад АНУ-ын стратегийн тэргүүлэх ашиг сонирхол Ойрх Дорнод байхаа больж буйг зарлажээ.

Өөрөөр хэлбэл Ойрх Дорнодыг сонирхох АНУ-ын түүхэн шалтгаан болж байсан эрчим хүчний үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх замаар уг бодлогыг хэрэгжүүлэхээр заасан байна.

Газын зурваст дайны гал зогсож, Ираны цөмийн хүчин чадлыг доройтуулснаар бүс нутгийн тогтвортой байдал сайжирсныг онцлоод энэ бүс нутаг цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өөр хоорондоо найрсаг харилцаатай зэрэгцэн орших ёстойг заажээ.

Гэхдээ Израил улсын аюулгүй байдал, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй тээвэрлэлт, нийлүүлэлтэд санаа тавих нь  АНУ-ын гадаад бодлогын гол ашиг сонирхол хэвээр байхыг баримт бичигт тусгасан байна.

 

Уян хатан реализм

АНУ цаашдаа бусад улс орнуудтай харилцахдаа өөрийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, ардчилал, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх үүрэг гүйцэтгэхгүйг Трамп стратегийн бичиг баримтдаа дурджээ.

“Бид дэлхийн улс орнуудтай найрсаг, энх тайванч, худалдааны харилцаа тогтоохыг эрмэлзэх бөгөөд тэдэнд уламжлал, түүхээс нь эрс ялгаатай ардчилал болон бусад нийгмийн өөрчлөлтийг тулгахгүй” гэж бичсэн байна.

Гэхдээ барууны түншүүддээ АНУ чухал үнэт зүйлсээ хадгалах талаар шахалт үзүүлэхийг анхааруулжээ.

“Бид Европ, Англосфер (англи хэлт ертөнц) болон ардчилсан ертөнцийн бусад хэсэгт, ялангуяа холбоотнуудынхаа дунд үүссэн ардчиллын үнэт зүйлсийн эсрэг аливаа үзэгдлийг эсэргүүцсээр байх болно” гэж стратегийн бичиг баримтад заасан байна.

 

Эх сурвалж: AFP