Уншиж байна ...

"The MongolZ" баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын "Team Vitality"-тай оноолт таарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Өнгөрсөн шөнө тус тэмцээний гуравдугаар шатны тойргийн тоглолтууд явагдаж дууслаа.

Гурван шатны 15 тойргийн дараах байдлаар Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit", Францын "Team Vitality", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Саудын Арабын "Team Falcons", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan" гэсэн найман баг Playoffs шатанд шалгараад байна. 

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд энэ сарын 11-нээс эхэлнэ.

"The MongolZ" багийн хувьд энэ долоо хоногийн Баасан гарагийн шөнийн 03:00 цагт Францын "Team Vitality" багтай "Во3" журмаар тоглох хуваарь гарчээ. Энэ тоглолтод хожсон баг нь шөвгийн дөрөвт шалгарах юм.

Шөвгийн дөрөвт ОХУ-ын "Team Spirit" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожсонтой нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнийн 03:00 цагт тоглоно.

"The MongolZ" баг хамгийн сүүлд Францын "Team Vitality"-тай өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт зохиогдсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт оноолт таарч, 2:1 онооны харьцаатай хожиж байв. Түүнчлэн уг тэмцээнд манай улсын баг түрүүлж байлаа.