Уншиж байна ...

"The MongolZ" баг гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарч, амжилтаа дахин шинэчлэн тогтоов

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсын "The MongolZ" баг гуравдугаар шатнаас уригдан оролцож байгаа билээ.

Тэд өнгөрсөн шөнө гуравдугаар шатны дөрөв дэх тойрогт Европын "G2 Esports" багийн эсрэг "Во3" журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгуулж байна. 

Ийнхүү "The MongolZ" баг StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs буюу шөвгийн наймд гурван хожил, нэг хожигдолтой тавдугаар байраар шалгарлаа. 

Манай улсын багийн хувьд "Counter Strike 2" тоглоомын түүхэнд гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарсан Азийн анхны баг болж буйгаараа онцлог.

Тодруулбал 2024 оны 12 дугаар сард Хятадын Шанхай хотод зохиогдсон дэлхийн аваргад Playoffs шатанд анх удаа шалгарч, Германы "MOUZ" баг хожигдсоноор 5-8 дугаар байр эзэлж байв.

Харин 2025 оны зургаадугаар сард АНУ-ын Остин хотод зохиогдсон дэлхийн аваргын шувтаргын тоглолтод Францын "Team Vitality" багт ялагдсанаар дэд байрт шалгарч байлаа.

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолтууд энэ сарын 11-нээс эхлэх хуваарьтай байна. Одоогийн байдлаар шөвгийн наймд Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit", Францын "Team Vitality", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ" гэсэн таван баг шалгараад байгаа юм.