Америкийн поп дуучин Кэти Перри, Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдо нарын дотно харилцаа хэдэн сарын турш олны анхаарлын төвд байгаа ч тэд энэ талаараа огт ам нээж байгаагүй юм.
Тэгвэл өчигдөр Перри өөрийн албан ёсны Инстаграм хуудсандаа Трюдотой хамт авхуулсан зураг, дүрс бичлэгүүдээ анх удаа нийтэлжээ.
Тэд одоо Японы нийслэл Токио хотод байгаа юм байна.
Энэ оны эхээр Трюдо поп одын тоглолтыг үзсэн нь тэдний харилцааны тухай цуурхал анх дэгдэхэд хүргэж байв.
Перри одоо “Lifetime” аялан тоглолтынхоо хүрээнд Японд зочилж байгаа юм.
Одоо 41 настай тэрбээр “Токиогийн аялан тоглолт болон бусад зүйлс” гэсэн тайлбартай зураг, бичлэгүүдээ нийтэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр 53 настай Трюдо өөрийн сошиал хуудсанд Японы ерөнхий сайд асан Фүмио Кишида болон түүний гэргий Юко нартай хамт авхуулсан зургаа нийтэлж байв.
“Тантай уулзсандаа баяртай байна. Кэти бид хоёр тантай болон Юкотой хамт суух боломж гарсандаа маш их баярлаж байна. Фүмио таны найз нөхөрлөл, олон улсын дэг журам болон хүн бүрийн сайн сайхан ирээдүйн төлөө тууштай байдалд баярлалаа” гэж тэр Х хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн сард Перри, Трюдо нар Парис хотод болсон нэгэн арга хэмжээнд анх удаа хамт оролцсон нь харилцаагаа баталгаажуулсан хэрэг байлаа.
Саяхан Лондон хотод болсон тоглолтын үеэр нэг шүтэн бишрэгч нь гэрлэх санал тавихад Перри “Энэ саналаа 48 цагийн өмнө тавьсан ч болоосой” гэж хошигносон юм.
Эндээс харвал Трюдо түүнд гэрлэх санал тавьсан байж болзошгүй байна.
Перри өмнө нь жүжигчин Орландо Блюмтэй арван жил орчим хамт амьдарч, нэг охинтой болж байжээ. Тэд өнгөрсөн зун албан ёсоор салсан юм.
Трюдогийн хувьд 2015-2025 оны хооронд Канадын ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 18 жил хамт амьдарсан Софи Грегуараас 2023 оны зун салсан юм. Тэд гурван хүүхэдтэй болж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!