Уншиж байна ...

Австралийн ТикТок инфлюнсер АНУ-д аялж байхдаа ажил хийдэг 88 настай ахмадад тэтгэвэрт гарах боломж бэлэглэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Австралийн залуу ТикТок инфлюнсер АНУ-д аялж байхдаа супермаркетад ажиллаж байсан 88 настай ахмадад тэтгэвэрт гарах боломж бэлэглэжээ.

Тэрбээр өөрийн дагагчдын дунд хандивын аян өрнүүлсний үр дүнд цуглуулсан $1.7 саяын чекийг Баасан гарагт Мичиган мужийн оршин суугч Эд Бамбаст гардуулсан байна.

“Үгүй ээ, үгүй” хэмээн нулимсаа арчиж байсан өндөр настан “Баярлалаа. Ээ бурхан минь” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө чекийг аваад хэлжээ.

Хандив цуглуулсан буянтан нь Мельбурн хотоос АНУ-д ирсэн 22 настай Сэм Вэйденхофер байсан юм.

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Брайтон хотын Мэйжер дэлгүүрт анх Бамбастай танилцаж байжээ.

Энэ үеэр өндөр настан 2018 онд гэргий Жоанаа хүнд өвчнөөр алдсанаас хойш амьдрах хэрэгцээгээ хангахын тулд ажилласаар байгаагаа тайлбарласан юм байна.

Бамбас өмнө нь General Motors компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байжээ.

Үүнийг сонссон Вэйденхофер өөрийн 7.7 сая дагагчдын дунд хандивын аян өрнүүлсэн юм байна.

“Түүний түүх бол ахмад настнууд, ялангуяа ахмад дайчид амьдрахын тулд маш олон бэрхшээлтэй тулгардгийг тодорхой харуулж байна” гэж түүний ярьсан дүрс бичлэгийн үзэлт 10 саяыг давжээ.

Үүний дараа 15,000 гаруй хүн $15-аас $10,000-ын хооронд хэмжээтэй мөнгийг GoFundMe платформоор дамжуулан хандивласан байна.

“Би хүн бүрийг олж баярласнаа хэлэх аймаар хэцүү даалгавартай боллоо” гэж Бамбас сэтгүүлчдэд хошигнон ярьжээ.

Тэрбээр 82 настайдаа хүнс, хувцас болон бусад бараа зардаг жижиглэн худалдааны сүлжээ Мэйжерт ажиллаж эхэлсэн байна.

“Би үйлчлүүлсэн хүн бүртэй ярилцаж, ганцаардсан сэтгэлээ эдгээхийг оролддог байсан. Би тэдэнд амьдралынхаа түүхээс ярьж өгдөг” гэж Бамбас ярьжээ.

Хандивын мөнгө Бамбасын $225,000-ын өрийг дарж, үлдсэнээр нь хүссэнээрээ амьдрахад хүрэхийг Вэйденхофер мэдэгдсэн байна.

Бамбас удаан уулзаагүй ах дээрээ очиж, гольф тоглож эхлэх хүсэлтэй байгаагаа ярьжээ.

Харин ажлын хувьд тэр шууд хаях бодолгүй байгаа гэнэ.

“Би дахиад нэг, хоёр сар ажиллах бодолтой байна” гэж Бамбас хэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press