Уншиж байна ...

Өсвөр насандаа гэмт хэрэг үйлдэж байсан нь илэрсэн Өмнөд Солонгосын жүжигчин урлагаас “зодог тайлж” байгаагаа зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Чо Жин Вун өчигдөр өөрийн агентлагаараа дамжуулан уран бүтээлийн замналаа өндөрлүүлж байгааг зарлажээ.

Энэ нь түүний насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг илэрч, олон нийтийн шүүмжлэл эрчимжсэнтэй холбоотой шийдвэр юм.

Тэрбээр шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсандаа уучлал гуйж, өнгөрсөн үеийнхээ буруу үйлдлийг ийм аргаар цайруулах нь зөв гэж үзэж байгааг мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд саяхан Чо өсвөр насандаа гэмт хэрэг үйлдэж, шүүхэд дуудагдаж байсан түүх ил болсон юм.

Чо өөрөө насанд хүрээгүй хүний гэмт хэргийн бүртгэлтэй байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ хэрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотойг няцааж байв.

“Өнгөрсөн үеийн ичгүүртэй үйлдлийнхээ улмаас надад итгэж, дэмжиж байсан хүмүүсийн урмыг хугалсандаа чин сэтгэлийн уучлал гуйж байна. Би бүх шүүмжлэлийг тайван хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн бүх үйл ажиллагаагаа зогсоож, жүжигчний замналаа дуусгах болно. Би өөрийнхөө талаар эргэцүүлэн бодож, илүү сайн хүн гэдгээ дахин харуулахын тулд чадах бүхнээ хийх болно” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.

Чо ахлах сургуульд байхдаа машины хулгай, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, насанд хүрээгүй хүмүүсийн хорих ангид ял эдэлж байсан гэж цуурхал онлайн орчинд тараад байгаа.

Түүний харьяалагддаг агентлаг бас жүжигчний олон жилийн өмнөх үйлдлийн улмаас хохирсон хүмүүсээс уучлал гуйсан юм.

Өмнөд Солонгосын төв телевиз SBS баримтат кинонд дуу оруулах ажлаас Чог чөлөөлж байгаагаа зарлажээ.

“Signal” телевизийн цувралыг бүтээж буй CJ ENM компани уг цувралынхаа хоёрдугаар бүлэгт Чог үргэлжлүүлэн тоглуулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. 2016 онд гарсан нэгдүгээр бүлэгт Чогийн  гол дүр бүтээж байсан энэ цувралын зураг авалт эхэлсэн бөгөөд ирэх оны эхний хагаст үзэгчдэд хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Одоо 49 настай Чо Жин Вун тус улсын зүүн өмнөд бүсийн Пусан хотын кино, театрын урлагийн их сургуулийг төгсөөд жүжигчний замналаа эхэлж байжээ.

Тэрбээр 2004 оны “Spirit of Jeet Kune Do: Once Upon a Time in High School” кинонд анх удаа дүр бүтээж, 2012 оны “Nameless Gangster: Rules of the Time”, 2014 оны “The Admiral: Roaring Currents”, 2018 оны “Believer” зэрэг кинонуудаар алдаршсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News