ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх халаалтгүй болсныг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Ангарск дүүрэгт оршдог есдүгээр дулааны цахилгаан станцын нэг зуух эвдэрснийг тус мужийн захирагч Игорь Кобзев баталсан байна.
Үүний улмаас орон сууц болон нийтийн эзэмшлийн барилгууд халаалтгүй болсон бөгөөд засварын ажил арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр байгааг Ангарск дүүргийн захирагч Сергей Петров мэдээлжээ.
Тэрбээр дүүрэгт онц байдал зарлаж, Даваа гарагт сургуулиудыг хааж болзошгүй байгааг бас хэлсэн байна.
Нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар халаалт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш тасалдаж байсан бөгөөд одоо дотор агаарын температур гадаа температураас “яльгүй илүү” байгаа гэнэ.
ОХУ-ын барилгын яамны мэдээлснээр тус улс даяар дулааны дэд бүтцийн элэгдэл 40-80 хувьд хүрээд байгаа ажээ.
Эдгээрийн гуравны нэгийг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа гэнэ.
Хамгийн гайгүй нөхцөлтэй Москва орчимд дулааны дэд бүтцийн элэгдэл 29 хувьд хүрчээ.
“Одоогоор дэд бүтцийн шинэчлэлт жилийн 1.9-2 хувьтай явагдаж байгаа. Нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд үүнийг хамгийн багадаа 4 хувьд хүргэх шаардлагатай” гэж Төрийн Думын барилга, орон сууц, дэд бүтцийн байнгын хорооны гишүүн Александр Якубовский наймдугаар сард анхааруулж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!