Уншиж байна ...

Эмэгтэйчүүдийг хижабгүй оролцуулсан марафон зохион байгуулагчдыг Ираны эрх баригчид баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хижабгүй эмэгтэйчүүдийг оролцуулсан шалтгаанаар марафон зохион байгуулсан хоёр хүнийг Ираны хууль сахиулагчид баривчилжээ.

Баасан гарагт зохион байгуулагдсан марафон гүйлтийн тэмцээний үеэр толгойдоо өмсгөлгүй эмэгтэйчүүд гүйж байгааг харуулсан зураг, бичлэгүүд сошиал сүлжээнд тарж байсан юм.

Ираны өмнөд эргээс холгүй оршдог Киш арал дээр болсон уг марафонд хоёр мянган эмэгтэй, гурван мянган эрэгтэй тус тусдаа оролцсон байна.

Тус улсын шинэчлэлийг хүсэгчид хижабгүй гүйж буй эмэгтэйчүүдийг талархан хүлээн авч, онлайн орчинд тэднийг сайшааж магтсан сэтгэгдлүүд урсаж байлаа.

Гэвч эрх баригчид үүнийг тэвчихгүй гэдгээ баривчилгаагаар батлан харуулсан байна.

Ингэхдээ тэд хувцаслалтын дүрэм зөрчсөн эмэгтэйчүүдийг биш, зохион байгуулагчдыг буруутгажээ.

Орон нутгийн прокурорын байгууллага уралдааныг зохион байгуулагчдыг баривчилсан шалтгаанаа “нийгмийн ёс суртахууны зөрчил гаргасан” гэж тайлбарласан байна.

Хижабын асуудал Иранд маргааны сэдэв болсоор байгаа.

Ираны бүс нутаг бүрд хижабгүй эмэгтэйчүүдийн эсрэг авч буй эрх баригчдын арга хэмжээ харилцан адилгүй байна.

Зарим хэсэгт энэ дүрэм сул үйлчилж, зарим хэсэгт хатуу хандаж байгаа.

Гурван жилийн өмнө Ираныг хэдэн сарын турш донсолгосон олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн нь хувцаслалтын дүрмийг зөрчсөн бүсгүй цагдаагийн хэсэгт хоригдож байхдаа учир битүүлэг шалтгаанаар нас барснаас үүдэлтэй байв.

Тухайн хөдөлгөөнийг эрх баригчид хүчээр нухчин дарсан ч Ираны эмэгтэйчүүд хуучинсаг хувцаслалтын дүрмийг эсэргүүцсээр байна.

 

Эх сурвалж: BBC