Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг Улаанбаатар хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар болоод буй.
Тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулсан. Одоо дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан байна.
Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6,700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих бол БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ.
Төслийн танилцуулгад дурдсанаар Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.5 километр авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг барина.
Аж үйлдвэрийн парк нь зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байршина.
Өнөөдрийн байдлаар үерийн байгууламжийн төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулжээ.
Ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажлын явц 40 хувьтай, холбоо дохиоллын ажлын зураг тодотгох, төсөвт өртгийг шинэчлэх ажил үргэлжилж байгаа гэнэ.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулж, 5,600 ажлын байрыг шинээр бий болгох тооцоолол гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!