Уншиж байна ...

Токиогийн Их Дуулгаас О.Уранбаяр ХҮРЭЛ медаль хүртэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээний сүүлийнх нь Токиогийн Их Дуулга байлаа. 

41 орны 303 тамирчин өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд Монголын 16 жүдоч оролцсон юм. Тэднээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч сорьсон О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр "B" хэсгийг тэргүүлж, эхний даваанд хийлээд Бахрейны Мохамед Алоевыг ялсан ч Японы Шүсүкэ Үчимүрад дийлдсэн байна.

Ингээд дагах тойрогт АНУ-ын Жак Юнезүка, Японы Юүдай Танакаг дараалан ялснаар Их Дуулга ангиллын тэмцээнээс гурав дахь медалиа авлаа. Өдгөө 27 настай О.Уранбаяр 2023 онд Парисын Их Дуулгаас хүрэл, энэ онд Улаанбаатарын Их Дуулгад алтан медаль зүүсэн билээ.

Энэ удаагийн Их Дуулгад япончууд 11 алт, 11 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн бол ОХУ, БНСУ, Гүрж тус бүр нэг алт авч, нийт есөн улс ямар нэгэн медаль хүртлээ.

Ийнхүү 2025 онд болсон Их Дуулга ангиллын тэмцээнээс манай улсын 17 жүдоч медаль зүүв. Эрэгтэйчүүдийн +100 кг-д өрсөлддөг Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-ын Б.Ганхайч нар тус бүр хоёр алтан медалиар бусдыгаа тэргүүллээ. Түүнчлэн О.Уранбаяр, Г.Наранцэцэг, Ж.Анударь нар тус бүр нэг удаа түрүүлсэн юм.