Швейцарын EF Education First байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын англи хэлний боловсролын түвшнийг үнэлсэн English Proficiency Index (EF EPI) тайланг гаргадаг.
Уг тайлангийн 2025 оны хувилбар саяхан нийтлэгджээ.
Тайланд англи хэл эх хэл нь биш дэлхийн 123 орныг 18-аас дээш насны нийт 2.2 сая хүнээс авсан шалгалтын дүнгээр эрэмбэлсэн байна. Ингэхдээ улс бүрээс 400-гаас дээш тооны хүнийг шалгалтад хамруулжээ.
Монгол улсын хувьд энэ удаа 123 улсаас 447 оноогоор 95 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Энэ нь сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлт болжээ. Монгол улс 2016 оноос хойш жил бүр оноогоо ахиулж, 2022 онд 485 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Энэ онд манай улсын авсан оноо нь хамгийн муу буюу “Very low proficiency” ангилалд багтаж байгаа юм.
EF EPI тайланд улс орнуудын үнэлгээг таван түвшинд ангилсан нь “Very high”, “High”, “Moderate”, “Low”, “Very low” ажээ.
Бүс нутгаар нь оноогоор жагсаахад Монгол улс Туркменистаны (91) ард, Афганистаны (96) өмнө эрэмбэлэгдсэн байна. Монгол улсыг үнэлэхдээ Улаанбаатар хотод оршин суудаг 455 насанд хүрэгчийг шалгалтад хамруулжээ.
Япон улс Афганистантай ижил тэнцүү үнэлгээтэй манай ард жагсжээ. Дэлхийн дундаж оноо 488 юм.
Дэлхийн улс орнуудыг Нидерланд улс 624 оноотой тэргүүлсэн бол Ази тивийг 581 оноотой Малайз улс тэргүүлжээ.
Тайлангийн бүрэн эхтэй энэ холбоосоор танилцаарай.
Эх сурвалж: EF.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!