ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунсүрэн: 13-17 насны хүүхдүүдийн дунд амиа хорлох бодол, төлөвлөгөө, оролдлого өндөр хувьтай байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сэтгэцийн эрүүл мэнд-2025" шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор Д.Оюунсүрэнгээс тодруулснаа хүргэж байна. 

Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэнд ба амиа хорлолтын талаар тэрбээр дараах мэдээллийг танилцууллаа.



Энэ талаар хэлэхдээ "Монгол Улсын хүн амын дунд амиа хорлолтыг судалсан хоёр томоохон хэмжээний судалгаа бий. 

Гэхдээ хүүхэд, өсвөр үеийнхнийг хамарсан бүрэн хэмжээний судалгааг хараахан хийгээгүй байна. 

Хамгийн сүүлд 2023 онд дараах гурван асуумжаар судалгаа явуулсан байдаг. 

  • Өсвөр насны сурагчдад амиа хорлох бодол төрж байсан уу?
  • Төлөвлөгөө төлөвлөлт байсан уу?
  • Амиа хорлох оролдлого хийсэн үү? 

Эдгээр асуултад хариулсан байдлаас харахад Монгол Улсын өсвөр насны сурагчид, тэр дундаа 13-17 насны хүүхдүүдийн дунд амиа хорлох бодол, төлөвлөгөө, оролдлогын асуудал өндөр байсаар. 

Шалтгааны тухайд:

  • Үе тэнгийнхний дээрэлхэлт
  • Сурагчдын хоорондын харилцаа
  • Сурагч, багш нарын хоорондын харилцааны зөрчил
  • Хүчирхийлэл

Орчин үед дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим хүчирхийллийн асуудал зонхилох шалтгаануудын нэг болж байна. Гэхдээ энэхүү судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй учраас бүрэн тоймтой хариулт өгөхөд арай эрт байна" гэлээ. 

Түүнчлэн "Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхийн тулд залуусын амьдрах, дасан зохицох чадварыг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Бид сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг бүх шатанд хэрэгжүүлэхийг зорьж байна. 

Үүний хамгийн үр дүнтэй хэсэг бол 2022-2024 он дамнаад “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” гэх контентыг олон сэдвээр явууллаа. 

Хамгийн гол нь амиа хорлолтын чиглэлээр хууль эрх зүйн баримттай болох ёстой юм байна. Шинээр хууль санаачилна гэхээс илүү одоо байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал ч гарч байна" гэв.