Зураач Т.Отгонбаярын ээлжит нийтлэлийг хүргэж байна.
Миний өмнөх нийтлэлүүдийг уншсан, уншаагүй бүгдэд нь би өөрийгөө дахин нэг танилцуулчихъя. Би бол Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад 20 гаруй жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга шүү.
Хүн төрөлхтний аливаа мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй, хурдтай тараах хамгийн эртний арга бол цуурхал юм. Эдүгээ ч энэхүү чанараа алдаагүйгээр барахгүй түүнийг тараах олон арван сувгууд бий болж, тодорхой зорилгоор цуурхал шуугиан тарих арга технологийг сайжруулан хөгжүүлэхийн сацуу тухайлан энэ чиглэлээр мэргэшсэн тусгай мэргэжилтнүүд хүртэл бэлтгэгдэн ажиллах болжээ. Өнөөдрийн нийтлэлийн минь агуулга нь гарчигтаа байна. Дахин хөндөх асуудал. Худал мэдээлэл цацаж өрсөлдөгчийнхөө эсрэг хэрхэн ажилладаг талаар Кремлийг гүйцэх алба гэж дэлхийд бараг үгүй. Үнэхээр хүлээн зөвшөөрнө. Одоо би та бүхэнд Оросын Гадаад тагнуулын албаны асар их мөнгө төсвийн 85 хувийг зарцуулдаг, тэдний нөгөө айхавтар “Fake News-Русская Пропаганда”-гийн хэдхэн жишээ ярьж өгье. Ийм юм болсон юм байна.
Нэг. “Толинд туссан буруу дүрс” (Accusation in a mirror). Украинчуудыг нөлөөнөөс нь гарах гэлээ гээд “Орос Баавгай уурлажээ”. Ингээд Украин руу 2022.02.24-нд итгэл эвдэн довтолж орохын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий нийтэд болон өөрсдийнхөө иргэдэд хандан “Украинчууд Донбасс дахь орос хэлтнүүдийг хоморголон устгасан тул” гэж мэдэгдэл хийж байсныг одоо олон хүн санаж байгаа байх. Энэ бол манай улсыг гүтгэн гүжирдсэн мэдэгдэл гэж Украины Засгийн газар хариу мэдэгдэл хийж Олон улсын шударга ёсны шүүхэд (International Court of Justice, ICJ) энэ асуудлыг авч хэлэлцэхийг хүсжээ. Уг нь бол аль тэртээ 2014 онд Украины Засгийн газар энэ гүтгэлгийг эсэргүүцэж НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комисст (UN Human Rights Monitoring Mission, HRMMU) хандан уг хэргийг мөрдөн шалгахыг хүсжээ. Тус Комисс 2014 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын шинжээчдийг Украинд илгээжээ. Тэд газар дээр нь очиж нарийвчлан судлаад “ОХУ-аас орж ирж буй гадаадын (Оросын) дайчид, сүүлийн хоёр жилийн хугацаанд (2012-2014 онд) Украинд 2000-гаад энгийн иргэний амь насыг хохироосон 60 гаруй хэргийг тодорхойлсон 31 хуудас нэмэлт хавсралт бүхий 20 хуудас тайлан илтгэлийг мөн оны 2016.07.14-нд танилцуулсан байна. Уг тайланд дурдсанаар, Оросын зэвсэгт бүлэглэлүүд “Слава Украин” гэсэн бүгдийг цаазалсан байна. Гэтэл түүнийгээ “Донбасс дахь орос хэлтнүүдийг хоморголон устгасан” гэж эргүүлж гүтгэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлийг сөргүүлж ОХУ-ын эсрэг шүүх хурлын үеэр “Олон улсын эрүүгийн хэргийн шүүх (International Criminal Court) геноцидыг батлах ямар ч нотлох баримт байхгүй байна” гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ.
Хуулийн болон геноцидын талаарх 30 эрдэмтний тайланд “Толинд туссан буруу дүрс” (Accusation in a mirror) гэдэг бохир арга хэрэглэж байна гэж Оросыг зэмлэн буруушаажээ. Ийм дүгнэлтийг дээр дурдсан Олон улсын шудрага ёсны шүүх (ICJ) 2022.02.27-нд мөн гаргасан байна.
Энэ “Яг эсрэгээр нь ярь” гэдэг бохир технологийг Гитлер, Ленин, Сталин түүний дараа ч КГБ их хэрэглэсэн, Оросын ФСБ одоо ч хэрэглэж байна. Тэр жил Украинд юу болсон гэхлээр 2014 оны гуравдугаар сард Оросын арми, флот Крымыг эзэлж аваад “Крымын БНУ”, дөрөвдүгээр сард нь Донбасст Оросын армиас тасралтгүй хүний болон зэвсгийн дэмжлэгтэй байсан “Салан тусгаарлагчид”-ын бүлэглэлүүд дайн өдөөж улмаар “Донецкийн Ардын БНУ”, “Луганскийн Ардын БНУ” гэгч хоёр “Тусгаар улс” байгуулчихдаг гэж байгаа. (Оростой хил залгаа манай хоёр аймгийг эзлэн авчхаж байгаагаар төсөөлөн бод доо!). Мөн ч дураараа, мөн ч дээрэнгүй байгаа юм шүү.
Хоёр. Русский Характер. Тэгэхлээр нь Украин Крымыг ангайж байгаад алдчихсан бөөн уурандаа түрэмгийлэгч оросуудтай алалцдаг (эх орныхоо хил дотор!) юм байгаа биз дээ. Энэ зэвсэгт мөргөлдөөнд 14 мянган хүн амь үрэгджээ. Хоёр талаас 10,500 цэрэг, энгийн 3,000 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тэгсэн чинь хоёр талын тулалдааны явцад тэр дайны хөлд үрэгдсэн бүх иргэнийг “Украины нацистууд” хоморголон устгалаа гээд баахан “Fake News-Русская Пропаганда” гүтгэлгээ хорвоо дэлхийгээр нэг цацлаа, одоо ч цацаж байна. Сониноос манай ояа Та нар мөн их итгэх юм даа, тэнэг мэдээнд.
Хэрэв энэ нь үнэн байсан бол дайнч Орос тэгээд “зодуулаад уйлаад” сууж байх уу? Ямар Монгол биш дээ, айн? Бөөн далим дайрч ороод сүйд хийнэ биз дээ. Оросын Засгийн газар аль эрт Украиныг нөгөө айхавтар Олон улсын шүүхүүдэд (International Criminal Court, International Court of Justice, European Court of Human Rights) өгөөд “шонд” өлгүүлнэ үү биз дээ. Яагаад өгөөгүй юм бол? Зеленскийг хайрлаагүй байлтай. Хачин байгаа биз?
Оросууд Украины эсрэг өдүүлж байгаа террор гэмт хэрэг болгоноо яг эсрэгээр урвуулаад укрнацистууд хийсэн болгоод бөмбөгдчихөж. Одоо ч ялгаагүй. Донбассын орос хэлтнүүдийг хядсан, Одессын орос хэлтнүүдийг ҮЭ-ийн Соёлын ордонд нь амьдаар нь шатаасан... тоо баримт, зохиомж гээд хөврүүлээд байна. Гэм нь дахин хэлье. Манай ояа нар итгэж үнэмшээд сэтгэлээ жигүүрлэчихнэ. Яг тэр орос зохиомжоор сошиалын комментыг дүүргэнэ. Фээст ч ялгаагүй.
Мэдээлэл сайтай соёлт хүн төрөлхтөн “Fake News-Русская Пропаганда”-дад итгэдэггүй юм шүү дээ. Гэтэл Ардчилсан Монголд гадаад мэдээллийн нэн таатай орчин бүрдчихсэн, олоод авчих бүрэн боломж байхад ХХI зууны манай соёлт иргэдийн магадгүй үлэмж нь одоо хүртэл Оросын ийм хуурамч мэдээлэлд итгэсээр байгаа нь нэн харамсалтай. Үүний үнэн учрыг тайлбарлаад ойлгуулж байгаа манай албан ёсны мэдээллийн платформууд байдаг юм болов уу? Магадгүй би мэдээгүй өнгөрсөн байж болох л юм. Гэхдээ би үүнд эргэлзэж байна.
Өнгөрсөн оны зун Улаанбаатарт очиход таньдаг, бүр овоо сайхан боловсролтой хүмүүстэй ярилцаж байхад энэ хуурамч мэдээнд итгэчихсэн байсан шүү. Та нар Олон улсын шүүхүүдийн мэдэгдлийг сонсоогүй юм уу гэж асуухад таг дуугай байсан шүү. Сэхээтнүүд нь ийм байхад бусдыг нь ч яриад яахав дээ. Надад үнэхээр харамсалтай санагдсан.
Гурав. 1950-иад онд юм болов уу, Арабын орнуудыг Британийн эсрэг хандуулах зорилгоор Зөвлөлтийн КГБ худал мэдээлэл цацаж ёстой нэг үймүүлсэн түүх буй. Британиас импортлон оруулдаг нүүр гарын саван нь гахайн өөхөөр хийгддэг тухай хүн үл анзаарам жижиг нийтлэл гаргажээ. Гахай бол лалын шашинд харш нүгэлтэй бохир заваан амьтан. Тэр жижиг мэдээ хэвлэгдсэн даруйд Араб даяар маш том эсэргүүцэл дэгдэж Британиас бараа авахыг хатуу хориглож, бараа зардаг дэлгүүр хоршоонуудыг галдан шатааж түйвээжээ. Үр дүнд нь Британийн гадаад худалдаанд ихээхэн хохирол учирсан гэнэ билээ. Аймшигт түүх.
Дөрөв. Малайзын агаарын тээврийн 17-р нислэг (MH17/MAS17) нь Амстердамаас Куала Лумпур руу чиглэсэн зорчигч тээврийн нислэг байсан бөгөөд 2014.07.17-нд Украины зүүн хэсэгт нисэж байх үед Оросын дэмжлэгтэй “Салан тусгаарлагчид”-ын бүлэглэл “Бук 9М38” газар-агаар ангиллын пуужингаар харваж 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгджээ. Боинг 777-200ER онгоц Украин-Оросын хилээс 50 км-ийн зайд нисэж явахад холбоо тасарсан бөгөөд онгоцны сэг Украины Донецк мужийн Храбове хотын ойролцоо, хилээс 40 км зайд унажээ. Украин дахь Оросын салан тусгаарлагчдын хяналтад байсан нутаг дэвсгэрээс буудсаныг Европын Хүний эрхийг хамгаалах шүүхээс (European Court of Human Rights) тогтоосон. Бүр онгоцыг устгахыг тушааж байгаа аудио бичлэг нь ч илэрсэн. YouTube-д байгаа. Гэтэл үүнийг өнөөх л “Толинд туссан буруу дүрс” (Accusation in a mirror) гэдэг бохир аргаа хэрэглэж Украиныг гүтгэсэн байдаг юм.
Тав. 1983.07.17-нд Зөвлөлтийг дэмжигч Энэтхэгийн ”Пэтриот” нэртэй жижиг сонины нэгдүгээр нүүрэнд "ДОХ Энэтхэгийг довтолж магадгүй: АНУ-ын туршилтаас үүдэлтэй нууцлаг өвчин" гэсэн гарчигтай нийтлэл тавигджээ. Мэдээ жижиг гэлтгүй Энэтхэг төдийгүй дэлхий даяар бөөн шуугиан дэгдээж орхив. Зөвлөлт Холбоот Улс энэ “Fake News-Русская Пропаганда”-аа улам эрчимжүүлж Америкийн эсрэг үзлийг хөхиүлэн дэмжиж, АНУ-ын гадаадад нэр хүндэд хохирол учруулж, үр дүнд нь Энэтхэг болон Пакистан улсууд Америкт үл итгэх байдлыг бий болгоход ашигласан юм. Энэ бол хуурамч мэдээ байсан, үүнийг манай КГБ зохион байгуулсан гээд 1992 онд ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал Евгений Примаков (Дараа нь тэр Гадаад хэргийн сайд, Ерөнхий Сайд болтлоо дэвшсэн) хүлээн зөвшөөрсөн. Ер нь Ельциний засаглалын үед хуучин Зөвлөлт Холбоот Улсын үйлдэж байсан гэмт хэргүүдийг цөөнгүйг нууцаас гаргасан юм. Харамсалтай нь КГБ-ийн Путин гарч ирээд зогсоочихсон.
Зургаа. Бас нэг гүтгэлэг энэ байна. 1940 оны 4 ба 5дугаар сард Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Иосиф Сталины тушаалаар Польшийн 22 000 орчим офицер, цагдаа, хилчдийг олзлогдсон сэхээтнүүдийн хамт Катынын ойд НКВД (Зөвлөлтийн нууц цагдаа) цаазлав. Мэдээж маш их нууцалсан. Гэтэл 1943 онд нацист Герман олноор булшлагдсан тэр газрыг олж дэлхийд зарлажээ. Оросууд “Энэ бол германы нацистуудын өөрсдийнх нь хийсэн аллага” гээд эргүүлээд нөгөө “Толинд туссан буруу дүрс” буюу (Accusation in a mirror) гэдэг бохир арга хэрэглэж Германыг гүжирдсэн юм байж. Гэвч 2010 оны 11 дүгээр сард Польшийн Ерөнхийлөгч тэргүүтэй 96 төлөөлөгч энэ “Катынын аллага”-ын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох гэж яваад онгоцны сүйрлээр бүгд амь үрэгдсэний дараа Оросын Төрийн Дум Польштой харилцаагаа сайжруулах зорилгоор “Сталин болон Зөвлөлтийн бусад албан тушаалтнууд аллага үйлдэхийг тушаасан” хэмээн буруушаасан тунхаглал баталж, нэг үгээр энэ аллагыг үйлдсэн гэдгээ аргагүй үнэнд гүйцэгдэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Одоо харин Путины өнгөн дээр “Катынын аллага” Сталиных биш болж хувирсан.
Долоо. Тэд зөвхөн гаднынхныг хуураад байдаг юм биш л дээ. Өөрсдийнхнийгөө ч өнхөрч унатал нь молигоддог. 1917 онд Октябрь сарын цуст хувьсгал хийсэн большевикууд ард түмнээ “Фабрик, заводыг ажилчдад, газрыг тариачдад, эрх чөлөөг ард түмэнд” гэсэн уриа лоозон хуурамч “Fake News-Русская Пропаганда” уриа лоозонгоор өөртөө татжээ. Тэр нь эсрэгээрээ эргэж Баабарын хэлдгээр ёстой л “Тэмбэржүржиг” болсныг манайхан сайн мэднэ дээ.
Найм. Саяхан “гэмгүй” жуулчин дүртэй, дунд сургуулийн физикийн багш, сайн дурын “Uranium” судлаач, оросын “ил” тагнуулч Алексей Ожаровский гэгч орж ирээд монголчуудын хооронд “яс хаяж” хоёр гурав хувааж хэрэлдүүлж хаячхаад буцаад явчихлаа. Бидний монголчууд хоорондоо “зодолдоод” үлдлээ. Энэ бол хутган үймүүлж, самарч байгаа маш “мундаг” операц. Тэр хөөгдөөд гарахдаа “Би явсан ч танай ”Uranium” хороо цацруулсаар үлдлээ” гэж хэлсэн “Орос ахын сайхан сэтгэлийн үг” бол энэ хорт операцын оргил-тайлал юм. Хутган үймүүлэлтийн сонгодог жишээ. Үүнийгээ Оросууд үнэхээр “мундаг” хийж байгаа биз. Одоо энэ хорт үг Монголын уудам нутгаар дөрвөн зүг. найман зовхист хориг хязгааргүй амнаас ам дамжин хорт хавдар мэт тархаж байна. “Орос ах” нар үүнийг хараад элэг нь хөшөөд унаж байгаа биз, бодвол. Энэ тэнэг “үхэр” монголчуудыг хар даа гээд л. “Гэмгүй жуулчин”-ы зорилго нь тодорхой. Францын хөрөнгө оруулалтыг зогсоох.
Оросууд саяхан ийм ажиллагааг төгс хийсэн туршлагатай юм шүү. Тэд зөвхөн манайхыг ингэж самраад байдаг юм биш ээ. Өнгөрсөн жил нигерчууд Францыг хөөгөөд гаргачихсан. Зөрөөд Оросууд өөрсдөө орсон. Яагаад гэвэл энэ дэлхийд атомын эрчим хүчийг ашиглах салбарт Орос, Франц хоёр ширүүн өрсөлдөгчид юм. Хэрэв Монголд илүү нарийн технологи, тоног төхөөрөмжтэй францчууд орж ирээд суучихвал оросууд манайхныг алдана. Тэгэхээр, “үхэр” монголчуудыг өөрсдийнх нь гараар “могой” бариулна. Өөрсдөөр нь муусайн францчуудыг хөөлгөнө. Яг нөгөө нигерийн харууд шиг. Энэ “тоглолт”-доо Оросууд нөгөө алдарт “Fake News-Русская Пропаганда”-гаа гайхалтай ашиглаж байна. Нигерийн “Нияа”-чууд шиг тэднийг дэмжээд эх орноо Нигер, Венесуэлын зам руу чирээд байна.
Энэ нийтлэлдээ би яг одоо миний санаанд орж байгаа цөөхөн жишээг л дурьдлаа. Хамгийн харамсалтай нь мэдээлэл муутай манай “хар” масс, нөгөө Ояа, Мояа-нуудыг тархи угаасан тухай иймэрхүү үй түмэн жишээ бий. Бичвэл, ёстой нөгөө “дуусашгүй яриа” гээч нь болох буй заа. Ийм л байна даа... Нээрэн, ингэхэд “АПН” буюу “Агентство печати Новости” (Хэвлэлийн Новости Агентлаг)-ийн ажилтнуудын 75 орчим хувь нь КГБ-ын идэвхтэй офицерууд бөгөөд “Fake News-Русская“-д мэргэшсэн газар юм гэж КГБ-ын тусгай ажилтан байсан Юрий Безменов өөрөө тодорхойлсон тухай Баабар бичсэн байдаг. РНКЦ-т хэдэн хувь нь байдаг бол?
Тодын Отгонбаяр (Лондон, Их Британи, 2025. 09.08)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!