Лондонд амьдардаг зураач Т.Отгонбаяр Курскийн дайралтын нэг жилийн ойд зориулан бичсэн өгүүллийг хүргэж байна.
Оросын түрэмгийллийн эсрэг шударга дуу хоолойгоо үргэлжлүүлэн хүргэе!
Намайг Лондонд хараар цагаачилж, гуйлгачилдаг, английн тагнуулын албанаас мөнгө авч монголчуудын тархийг хордуулдаг, тэр Лондондоо үхэж далд ор гэсэн пост коммент үлэмж явах ба тэр нь тасрахгүй үргэлжлэх янзтай. Та бүхний хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга.
Та уур уцаараа гадагшлуулж байгаа чинь бас нийгмийн шалтгаантай юм шүү дээ. Танд зах зээлийн ардчилсан нийгэм огт тохирохгүй юм байна гэж бодож байна. Та өөрөө аяыг нь даахгүй сөхрөөд уначхаж. Таны цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, үргэлж өр зээлтэй, амьдрал муу, нэг үгээр Та амар тайван амьдрах боломжгүй болоод уур уцаар, хараал зүхлээ барьж дийлэхгүй байгааг би ойлгохын цаагуур ойлгож байна. Таны чин хүслийг хэлчихье. Путин Украиныг ялчхаад дараа нь Америкийг буулгаж аваад Зөвлөлт Холбоот Улсыг сэргээгээд Монголд зах зээлийн хөрөнгөтөн нийгмийг устгаж өгөөд социализмыг нь буцаан байгуулж өгөх болно, Зөвлөлтийн мэргэжилтний цуваа хөвөрнө, тэгж байтал Цэдэнбал Монголд, Брежнев Орост дахин төрөөд цэнгэлийн манлайд хүрнэ гээд Та дайн эхэлсэн өдрөөс хойш цөхрөлтгүй горьдон харж байгаа юм биш биз? Та тогтож сайн бодоорой! Энэ бол хэзээ ч үл бүтэх мөрөөдөл шүү!
Энэ ч яахав, зүгээр л хэлье гэснээ хэлчихлээ. Курскт 1943 онд нацистын германыг бут цохисон тухай “Чөлөөлөлт” кинонд гардгийг монголын ахмад үеийнхэн шүтээн болгоод тархиндаа суулгачихсан, ояа тролл нэртэй залуустаа өвлүүлээд уяруулж байх шиг байна. Харин тэр Курскт нь 80 орчим жилийн дараа нацист германы биш, хөрш (хуучнаар бол ах дүү славян украины) украиных нь цэрэг нэвтэрч ороод бүтэн жил эзэгнэн байна.
Өнөөгийн Украиныг аль улирсан баларсан Гитлерийн Германтай адилтган жигшүүлж байгаад Оросын ард түмнийг “Бүхнийг фронтод!” болгоно гэсэн Путины төлөвлөгөө балраад бас гурван жил хагасыг үзэж байна.
Украины ерөнхий командлагчийн бичсэнийг би Twitter-ээс татаж аваад хөрвүүлье. Дараа нь тайлбарлая. Генерал Сырский бичжээ.
Украины зэвсэгт хүчин Курск мужид 1,300 хүртэл хавтгай дөрвөлжин км газар нутгийг хяналтдаа авсан. Энэ нэг жилд Оросын арми тэнд 77 мянган цэргээ алуулж шархдуулсан, тэдний дотор Хойд Солонгосын 4,000 цэрэг алагдаж шархадсан, оросын зэвсэг байлдааны техник гэхэд л 7,236 сөнөөгдсөн, гэмтсэн. Үүнд 211 танк, байлдааны 1,083 хуягт машин, их буу 907, нэг нисэх онгоц, нисдэг тэрэг гурав, агаараас эсэргүүцэн хамгаалах их буу пуужингийн цогцолбор 15, байлдааны тээврийн 2,795 машин сөнөөгдсөн буюу эргэж ашиглахгүйгээр гэмтжээ.
Байлдааны операц манай орны дээд удирдлагаас дэвшүүлсэн ихэнх зорилгодоо хүрсэн гэжээ. Өөр нэмж юу хэлэх вэ? Цөмийн зэвсэггүй жижиг хөрш улс нь цөмийн зэвсэгтэй гэж цээжээ дэлдэн заналхийлдэг хөрш том гүрний нутаг дэвсгэрийн хэсгийг бүтэн жил эзлэн авч хяналтдаа барьж байгаа анхны тохиолдол гэж цэргийн түүхэнд бүртгэгдэх байх даа. Бараг 80 мянган цэргээ алдсан, бас 1000 гаруйг олзлуулсан, тэгсэн мөртлөө тун удахгүй Украиныг ялж буулгаж авна гэсэн нөгөө л “Русская Пропаганда-Fake News”-ээр зэвсэглэсэн арми л Украинд зууралдан байлдаж байна даа.
Хүний олноор л тэсэж байх шиг. Хайран орос залуус! Курскийн операцаас би юу олж харсан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт түрэмгийлэгч улсын нутаг дэвсгэрт нэвтрэн (давшиж) орж байлдаж байгаадаа украин цэргүүд эхэндээ үнэхээр итгээгүй, итгэсэндээ шооконд орсон, үнэхээр эх орноороо, армиараа бахархах сэтгэл, урам зориг нь бадарсан байх гэж бодож байна. Хоёрдугаарт оросын дээд эрх баригчид ийм операц хэрэгжих магадлалтай (английн хэвлэлд тэгж бичжээ) гэдгийг хэдэн сарын өмнөөс мэдэж байсан, гэвч арай ч чадахгүй биз гэсэн горьдлого нь давж гараад гэв гэнэт Украины арми Курскэд нь орж ирээд давшмагц Орост дээр доргүй, энгийн цэргийнгүй айдсын шооконд автсан, иргэд нь “Манай нөгөө дэлхийд хосгүй ялгуусан арми хаачив аа?” гэсэн цөхрөл нийгэмд тархсан гэж английн хэвлэлд бичжээ. Сайт, жиргээний бичлэгээс үзвэл орос цэргүүд Матросов маягаар байлдаж амиа өргөхгүй, нэгэнтээ иймдээ тулсан бол бууж өгөөд амь гаръя гэж шийдсэн нь тэр олон олзлогдогсдоос илт харагдаж байна. Цагаан туг, цагаан даавуу хийсгээд олноороо жагсаж яваа орос цэргийг хараад үнэхээр өр өвдмөөр. Эхний 10 хоногт нь 600 орос цэрэг бууж өгч олзлогдсон гээч. Гуравдугаарт энэ бол урьдчилан сэргийлэх тусгай ажиллагаа байлаа. Украины Сума, Харьков, дорно зүгт шинэ шинэ нутаг оросууд эзлэн авахаас сэргийлсэн, Орос нь стратегийн нөөц хүчнээ аргагүй эрхэнд татаж авч Курск руу аваачихад хүргэсэн ийм л операц. Дөрөвдүгээрт Европын дайнд түүхэнд анх удаа Солонгосын хойгоос солонгос цэрэг оролцсон тулалдаан тэнд өрнөсөн. Тооцоолсноор Хойд Солонгосын 11 мянган цэрэг тийшээ илгээгдсэн. Одоо Орос Курскээсээ Украины хил рүү цэргээр халдах аргагүй болсон. Байдал ийм л байна. Миний байнга бичдэг sonin.mn сайтад ийм нэгэн мэдээ орсон байна билээ.
Оросын армийн Жанжин штабын генералууд Ерөнхийлөгч В.Путиндээ хандан, Украины фронтын шугам дагуух хамгаалалт ойрын 2–3 сарын дотор нуран унах болно гэж амласан талаар Reuters агентлаг Кремлийн ойрын эх сурвалжуудыг эш татан мэдээллээ. Путин өөрийн арми байлдааны талбарт ялалт байгуулж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Трампын шинэ хориг авах тухай анхааруулсан 8 хоногийн ультиматумыг хүлээн зөвшөөрөх бодолгүй байна. Reuters-ийн мэдээлснээр, Путин Украины 4 муж болох Донецк, Луганск, Херсон, Запорожийг бүрэн эзлэх төлөвлөгөөгөө хадгалсаар байгаа бөгөөд өнгөрсөн намраас хойш гарсан хамгийн том ахиц амжилтыг тооцон, зуны довтолгоогоо зогсоох нь ямар ч утгагүй гэж үзэж байгаа гэжээ.
Энэ хэр ортой мэдээлэл вэ гэдэгт би ийм байр суурьтай байна. Путин бол ваакум орчинд тусгаарлагдсан, цахим техникийн хөгжлөөс асар хол, тархийг нь БХЯ, ЗХЖШ, ФСБ-гийн мэдээллээр байнга дарж байдаг, өөрийгөө тахин шүтүүлэх өвчтэй болсон тул доодуул нь зөвхөн түүнд таалагдах мэдээ өгдөг, тийм мэдээ олдохгүй бол зохиогоод өгчихдөг, өөрөө ялж байна гэдэгтээ гурван жил хагас итгэхээр өөрийгөө хүчилсэн (өчүүхэн ялалт ч байсан хамаагүй), тэр хүч нь жингүйдэл болж хувирсан, одоо агаарт нисч яваа тийм л бие хүн. Зөв үү?
Тодын Отгонбаяр (Лондон, Их Британи, 2025.08.07)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!