Лондон хотод амьдарч уран бүтээлээ туурвиж буй зураач Т.Отгонбаяр англи хэл, Англи улс гэж нэрлэж ярих нь буруу хэмээгээд, учир шалтгааныг нь түүхийн хуудас, албан ёсны эх сурвалжуудаас шүүсэн мэдээлэлдээ тулгуурлаж бичсэн нийтлэлийг хүргэж байна.
"Англи" гэдэг хэл байдаггүй, Инглиш хэл (English Language) гэж байдаг. "Англи" улс биш Ингланд (England) улс гэж нэрлэдэг. Монголчууд бидний "Англи хэл", "Англи Улс" гэж нэрлэдэг буруу нэршил, нэр томьёо ХХ зууны 20-оод онд Монгол улс Зөвлөлт Холбоот Улс (өнөөгийн Орос)-ын нөлөөнд орсон цагаас эхлэн орос хэлээр дамжин орж ирсэн. Оросууд болохоор герман хэлнээс шууд авч. Энэ нь манайд тэр чигээрээ ороод өнөөдөр хүртэл бид “Буруу замаар будаа тээгээд” бүтэн 100 гаруй жил болчихжээ.
"Англи" гэдэг хэл аль тэртээ XVI зуунд мөхөж алга болсон. Өнөөдөр энэ хэлээр ярьдаг ганц ширхэг ч хүн энэ дэлхийд байхгүй болоод бараг 500 жил өнгөрчээ. Түүхээс үзвэл Британийн арал дээр V-VI зуунд Европын эх газраас ирж суурьшсан Англо-саксон (Anglo-saxon) герман угсаатныхны “Angles” буюу “Англес” гэдэг овогтон байжээ. Тэд Эртний Инглиш (Old English) буюу (Englisc or Ænglisc) хэлээр ярилцдаг соёлын бүлэг бөгөөд одоогийн Ингланд (England) болон Зүүн өмнөд Скотланд (Scotland/Шотланд)-ын ихэнх хэсгийг эзлэн амьдарч байв. Тэд түүхэн хөгжлийнхөө явцад бусад овог аймгууд, үндэстэн ястнуудтайгаа хэл болон соёлын талаар уусан нэгдэж XV зуунд одоогийн “English” хэл бүрэлдэн бий болжээ. Энэ хэлийг улам төгөлдөржүүлж орчин үеийн Инглиш хэл (Modern English Language) болон төлөвшихөд аугаа их зохиолч Уилиам Шикспер (William Shikespeare 1564-1616) үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
Инглиш хэл (English Language) дэлхий нийтэд эрчтэй түгэн тархах болсон хэд хэдэн учир шалтгаанууд байдаг. Үүнд,
Эдгээр хүчин зүйлүүдийн “Төрөлх хэл” нь Инглиш хэл (English Language) учир түүний эрчимтэй түгэн тархах хурдыг гайхалтай нэмэгдүүлснийг доорх жишээнээс харж болно. Интернэт, WWW систем дөнгөж үүсэж байсан 1990 онд Инглиш хэл (English Language)-ийг 900 сая хүн эзэмшсэн гэж тооцож байсан бол интернэтийн ачаар 2003 онд 1 тэрбумын босго давжээ, Энэ нь 13 жилийн дотор 100 орчим сая хүнээр буюу жилд дунджаар 10 орчим сая хүнээр өсөж байж. 2003-2023 он хүртэлх 20 жилийн дотор даруй 500 сая хүнээр нэмэгдсэн нь жилд тутам дунджаар 25 сая хүнээр нэмэгдэж байсан тооцоо гарч байна. Үүний үр дүнд 2025 оны мэдээгээр дэлхий дээр 1,550.000.000 гаруй хүн Инглиш (English) хэлээр ярьж ойлголцож байна. (Зураг №1) Үүнээс 400 сая орчим хүн төрөлх хэл гэж үздэг бол 1 тэрбум 150 сая хүн хоёр дахь хэлээ гэж үздэг байна.
Зураг 1, Өнөөдөр Инглиш хэл (English Language) дэлхийн хамгийн олон хүн ярьж ойлголцдог
Одоогийн байдлаар Инглиш (English) хэлийг 67 улсад үндсэн, 27 улсад хоёрдогч хэлээ гэж үздэг. Мөн дэлхийн бараг бүх улс буюу 180 гаруй улсын 140-өөд нь боловсролын салбартаа үндсэн хичээл, 40-өөд улс сонголтоор сурдаг байна. Монгол Улс 2023 онд “Боловсролын ерөнхий хууль”-ийг шинэчлэн батлахдаа Инглиш (English) хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан нь манай улс хүн төрөлхтний хөгжлийн алхаанд нэгдэн орсон түүхэн чухал шийдвэр болсон билээ. Үүнийг хэрэгжүүлж 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид “Англи” (Инглиш (English) хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар оруулахаар болж байгаа нь сайшаалтай.
Тэгэхээр “Англи хэл сурцгаая” гэж хүүхэд залуустаа уриалах нь “Устаж алга болсон хэл сурцгаая” гэдэг уриа мэт сонсогдох нь байна. Иймд “Инглиш (English)” хэл сурцгаая гэж уриалах нь зөв юм. (Үүнээс үүдээд “Боловсролын ерөнхий хууль”-даа ч “Англи хэл” гэдэг үгийг “Инглиш (English) хэл” гэж бичих үгийн засвар оруулах асуудал ч яригдах байх).
Үүнтэй зэрэгцээд Британийн Засгийн Газар, Монгол Улсын Боловсролын яам хамтран Chevening Awards (FCDO) хөтөлбөрийг үргэлжлүүлэн, тэтгэлэг олгох оюутны тоог нэмэгдүүлэхээр болсон тухай тааламжтай мэдээ бас байна. Мөн онцлон дурдах нэгэн чухал үзүүлэлт бол Инглиш (English) хэл нь Олон улсын харилцааны үндсэн хэл юм. Энэ нь НҮБ-ын гишүүн 196 улс бүгд энэ хэлийг албан ёсны 6 хэлний “Тэргүүлэгч хэл” гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Ийнхүү өнөө цагт Инглиш (English) хэл нь дэлхийн харилцааны №1 хэл болсон байна.
Инглиш (English) хэлний дэлхийд тархаж буйг зураг №2-т харуулжээ.(Саарал өнгө нь Инглиш (English) хэлт орнууд болно.
Зураг 2,
Инглиш (English) хэлний давуу талуудаас нэн чухал нь орчин үеийн интернэт болон дижитал харилцаанд суурилсан мэдээллийн бүх төрлийн хэрэгслэлээр дамжин даян дэлхийн глобалчлал-улс төр, олон улсын харилцаа, хууль эрх зүй, шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, техник технологи, боловсрол, эдийн засаг, бизнес, банк санхүү, аж үйлдвэр, эдийн засаг, бизнес, худалдаа арилжаа, анагаах ухаан, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт тэдгээрийн ололт амжилтуудыг танин мэдэх, судлах, амьдрал ахуйдаа хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай үй түмэн мэдээллүүдийг бараг бүгдийг энэ хэл дээрээс олж болно. Өнөөдөр дэлхийн интернэт хэрэглэгчдийн 28% нь Инглиш (English) хэлтнүүд байгаа бол, интернэт дахь мэдээллийн 58% нь Инглиш (English) хэлээр орж байна. Эдгээр үзүүлэлт цаашид ч өснө гэж үзэж байгаа юм байна. (Зураг №3)
“Инглиш (English)” хэл хурдтай түгэн дэлгэрч буй бас нэгэн шалтгаан нь үүнийг сурахад бусад гадаад хэлтэй харьцуулахад харьцангуй хялбар хэл гэж хэл судлаачид үздэг юм байна. Дүрэм олонгүй. Байдаг боловч харьцангуй хөнгөн. Үсгийн тэмдэгт цөөхнөөс гадна элдэв тэмдэгт байхгүй дан үсгүүдээр үг нь бүтдэг. Нийлмэл үсэг цөөхөн. Дэлхийд түгээмэл хэлнүүдийн нөлөө ихтэй, холимог хэл. Үүнд, Латин-Роман хэлний 28%, Франц хэлний 28%, Герман хэлний 25%, Грек 5% нөлөө тус тус байдаг юм байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, жишээ нь Герман, Франц хэлтэн бол тус хэлийг сурахад дөрөвний нэг нь бэлэн байна гэсэн үг.
Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence) амьдралд сараар биш өдрөөр хүчтэй нэвтрэн орж ирж байгаагийн шууд нөлөөгөөр мөн л түүний төрөлх хэл болох Инглиш (English) хэлний хэрэгцээ улам өсөн нэмэгдэх хандлагатай болжээ.
Өнөөдөр Монголчууд бид хилийн дээс алхаад л гадаад хэлний орчинд орж байна. Монголд 1990 он Ардчилсан хувьсгал ялж Монгол хүн гадаад ертөнцтэй биечлэн танилцах, чөлөөтэй зорчин явах өргөн боломжтой болсон. Тэр цагаас хойш гадаад орнуудад зорчин явагчдын тоо жилээс жилд өсөж иржээ. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан албан ёсны мэдээгээр: 1999 онд 462.874, 2003 онд 530.252, 2008 онд 1.056,566, 2018 онд 2.460.874, 2024 онд 2.752.806 хүн тус тус зорчсон байна. Энэ тоо цаашид ч өсөж таарна. Очсон орон болгон өөрийн хэлний орчныг хүссэн хүсээгүй бидэнд тулгана. Тэр болгон хэлийг мэдэхгүй нь олонхи байх. Энд олон мянган монгол хүн мэдэж байгаа ганцхан жишээг дурдъя. Хонконгоос Макао руу ормогц бүх апп-ууд хятад болон португал хэл дээр солигдон гарч ирдэг дээ. Би энэ хоёр хэлний алийг нь ч мэдэхгүй. Энэ үед Инглиш (English) хэл ёстой аминд орж байна билээ. Энэ мэтээр Инглиш (English) хэл нь дэлхийн олон оронд зорчиход хэрэг болдог жишээг олон монгол хүн мэддэг учир нуршаад хэрэггүй биз.
“Ингланд” буюу “England” гэдэг улс л байдаг. X зуунд олон овог аймаг, үндэстэн ястнуудыг нэгтгэсэн “England” буюу “Ингланд” улс үүсэн бий болж 1066 онд Вильям I-ийг хаан ширээнд өргөмжлөв. Ингланд Улс (England) нь Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсыг бүрдүүлдэг дөрвөн улсын (England, Scotland, Wales, Northern Ireland) хамгийн том улс нь юм.
Оросуудын “Англи” гэж нэрлэдгийн угшил нь дээр дурдсан “Angles” буюу “Англес” овогтнууд нь Британийн арлын дунд болон зүүн хойд хэсгээр нүүдэллэн нутаглаж байхдаа уг газраа “Anglia” гэж нэрлэж байсны ул мөр юм. Тэгэхээр энэ нэршил нь ямар нэг улсын нэр биш газар зүйн нэр томьёо болно. Монголчууд бидний “Англи Улс” гэж буруу нэршил ХХ зууны 20-иод онд Монгол улс Зөвлөлт Холбоот Улс (өнөөгийн Орос)-ын нөлөөнд орсон цагаас эхлэн орос хэлээр дамжин орж ирсэн тухай дээр дурдсанаа дахин сануулъя.
Иймд “Англи Улс” гэж нэрлэх нь үндсээрээ буруу юм. Энэ нь манай монголынхоор жишээлж бодоход устаж алга болсон аль нэг овог аймгийн нэрээр манай өнөөдрийн Монгол Улсыг нэрлэснээс ялгаагүй хэрэг. Нэршил гэдэг ийм нарийн утга учиртай. Бүтэн зуун жил болсон энэ гажуудал алга болтлоо удах л байх. Гэхдээ удах юм чинь яахав гээд хаяж болохгүй гэдгийг манай хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний Зөвлөл, түүний харьяа Улсын нэр томьёоны Комисс,Гадаад Харилцааны Яам, Боловсролын Яам болон холбогдох бусад байгууллагууд тэдгээрийг удирдагч сайд дарга эрхмүүд хэлэлцэн болгоох буй заа хэмээн итгэж байна.
Гадаад улс орон, нийслэл, хот суурин болон газар нутгийн нэр томьёог олон улсын харилцаанд идэвхтэй хэрэглэдэг Инглиш (English) болон нөлөө бүхийн хэлнүүдийн аялга дуудлагад зохицуулан одоогоор бидний хэрэглэж байгаа орос-крилл бичиг рүү шилжүүлэх талаар манай Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь би хувьдаа их баяртай байдаг. Ийм өөрчлөлт хийх нь Монголчууд бидний хувьд амьдралын шаардлагаар нэн тулгамдсан зорилт болоод байна. Б.Батцэцэг сайдыг энэ ажлаа хурдлаасай л гэмээр байна. Монгол хүн дэлхийн аль нэг өнцөг буланд очиход бидний нэрлэдгээс огт өөр үгс дуулддаг нь гачлантай. Жишээ нэмж хэлэхэд, бид Орос хэлний нөлөөгөөр “Шотланд” гэж ярьж бичдэг. Инээдтэй нь Британид амьдардаг Монголчууд бид мэддэг боловч зарим нь, түүний дотор би өөрөө ч ингэж ярьж байгаа байдаг. Гэтэл энэ улсыг олон улсын хамгийн түгээмэл хэл Инглиш (English)-ээр “Scotland” гэж бичээд “Скотланд” гэж хэлдэг.
Латин болон бусад бичиглэлээс одоо бидний хэрэглэж байгаа орос-крилл үсэг рүү гадаад нэр томьёог хувирган шилжүүлэх нь үсэг болон дуудлагын хувьд зөрөө гардаг тал бий. Дээрх хэдэн жишээ бол харин ч хөнгөн бууж байна. Зарим үг хэллэг бол хэцүү, хэцүү. Жишээ нь, “Темза” гэдэг гол мөрөн Лондонд байдаггүй. “Thames” гэж л гол мөрөн бий. Хэн нэгэн Лондонд ирээд “Темза” гэж хэлээд асуувал цаад хүн нь ойлгохгүй л дээ. Энэ нь бидний хэрэглэдэг Орос-крилл бичгээр “Даймз” гэх маягтай л буух болов уу? “Темза-Даймз” огт өөр байгаа биз? Энэ мэт Munich - Мюнхен, Hungary-Унгар, Chisinau-Кишенев, Swetzerland- Швейцар, Naples-Неаполь, Nice-Ницца...гээд үргэлжлүүлвэл үй түмэн жишээ бий. Дэлхийн газар зүйн нэр томьёо бол бүр адармаатай. Хүний нэр усыг галиглахад ч хэцүү. Дурдвал, ёстой нөгөө дуусашгүй яриа гээч болох биз. Эндээс уламжлаад бодвол, бид ер нь зориглоод Латин үсэг рүү шилжвэл яадаг юм бол? Өнөөдөр бидний хэрэглэдэг Крилл-орос бичиг Монголчууд бидний хөгжил дэвшилд гайхалтай дэвшилтэт үүрэг гүйцэтгэснийг маргах юм байхгүй. Гэхдээ орчин үеийн хөгжлийн нэг гол фактор болох Инглиш (English) хэл нь латин үсээр бичигддэгийг бодож үзэх юм бол энэ нь зөв зам байж болох юм. Энэ бол маш төвөгтэй боловч бас шийдэж болохгүй ч асуудал биш юм.
Бичиг үсгээ солих, нэр томьёоны талаар өөрчлөлт хийхэд эхэндээ хэл, сэтгэц эвлэхгүй хэцүү л байх. Энэ бол нийгмийн сэтгэл зүй, практик амьдралд шууд тусах том өөрчлөлт. Эсэргүүцэл ч ихтэй байх биз. Тэгэхээр үүнийг хийхэд бас тодорхой хэмжээний зориг хэрэгтэй. Гэхдээ энэ нь жам ёсны үзэгдэл болохоор яваандаа болно доо хэмээн өчүүхэн хүн би бээр мунхаглана.
Дээрх мэдээллүүдийг Wikipedea, Ethnologue, Global States, Britannica, Statista, Global Statistics, Languge Magazine, Literature. Statistics and data, Британийн Засгийн Газар, Монгол Улсын Боловсролын яамны хамтарсан Chevening Awards (FCDO) хөтөлбөр, British Embassy in Mongolia, Монгол Улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, “Сонин” зэрэг сайтуудаас авч бэлтгэлээ. Сайн үйлс дэлгэртүгэй.
Зураач Тодын Отгонбаяр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!