Уншиж байна ...

"32,000 зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байна" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашинтай бол гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9 хувь, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлдэг байна.

2025-2026 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж буй. Өнөөдрийн байдлаар 425 борлуулалтын цэгээр хагас кокс, мидлинг, сайжруулсан түлш нийлсэн нийт 283,949 тонн хатуу түлшийг нийлүүлжээ. Үүнээс энэ жил 210,328 тонн хагас коксон түлшийг хэрэглэжээ.

Харин агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд айл өрхүүдийн эвдрэл гэмтэлтэй зуухыг сольж, стандартад нийцсэн, давхар шаталтат 32 мянган зуухыг нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд байна.

Сануулахад өнгөрсөн 2025 онд гэр хорооллын 32,000 айлд 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарласан байсныг Утааны асуудлын хэлэлцүүлэгт оролцсон болон нийт иргэдийн зүгээс шүүмжилж тендерийг цуцалж байсан юм.
2026 оны нийслэлийн төсөвт агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн ашиглалтын шаардлага хангасан зууханд 21.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.