Уншиж байна ...

А.Амартүвшин: Монгол гэрт амьдарч байгаа 32,000 айлд шинэ зуух өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр хорооллын 32,000 айлд зуух тараахаар болж, 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарлажээ. 

зураг
 

Эдгээр зуухыг нийлүүлснээр агаарын бохирдлыг бууруулж чадах эсэх талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

Тэрбээр "Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газраас зуух худалдаж авах тендер зарлагдсан. Энэ нь угаарталтыг багасгах зорилготой.

Улаанбаатарын хотын гэр хорооллын айл өрхийн 95,000 нь монгол гэрт, 100,000 гаруй шахмал түлшээ түлж, байшинд амьдардаг. Гэрт амьдарч байгаа 95,000 айл өрхөд угаарталтын шалтгааныг олохоор судалгаа, шалгалт хийсэн юм. Ингэхэд гар хийцийн буюу зориулалтын бус, энгийн зуух ашиглаж байсан бөгөөд цуурсан, хагарсан, элэгдэлд орсноос болж нүүрстөрөгчийн хийд угаартах асуудал гарч байгааг тогтоосон.

Одоо шинээр тавьж өгөх зуухнаас угаарын хий ялгарахгүй, стандартын шаардлага хангасан зуух нийлүүлэх ТЭЗҮ-ийг гаргаж өгсөн. Ингэснээр угаартах эрсдэл 32,000-аар буурна, зуухыг үнэгүй тараахгүй. 32,000 айлд ногоон хөгжлийн зээлийн нөхцөлөөр стандартын шинэ зуухыг өгнө.

Агаарын бохирдол, угаарталтыг тусад нь ойлгох нь зүйтэй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд зуух солих, түлшийг өөрчлөх гэхээсээ илүүтэй гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Сэлбэ, Баянхошуу, Шархад гэсэн зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулна.

Амжвал энэ оны 12 дугаар сар эсвэл 2025 оны нэгдүгээр сараас Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууц барих тендерийг 6-10 хувааж зарлах юм. 

Агаарын бохирдлын 55%-ийг гэр хорооллын айл өрх, 25%-ийг автомашинаас гарсан утаа бүрдүүлдэг.

Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллыг барьж гэр хорооллын айл өрхийг оруулснаар яндангийн тоог буурч, агаарын бохирдлыг урт болон дунд хугацаанд шийдвэрлэнэ. Түүхий нүүрс түлэх, шахмал түлшийг сайжруулаад агаарын бохирдлыг шийдэж чадахгүй.

Тархмал, хийн цахилгаан эрчим хүчний асуудал зэргийг цогцоор нь шийдэж байж утаа багасна" гэж ярилаа.

Тендер:

зураг