Уншиж байна ...

Д.Мөнхбаатар: Haier, Hisense компаниас 5,000 хийн халаалтын зуух, 20,000 баллон хүлээж авна. Нийт ажлын явц 71.5 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх ажлын явц 71 хувьд хүрчээ.

Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5,000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Haier болон Hisense компаниас 5,000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах бөгөөд нийт ажлын явц 71.5 хувьтай байна. Хийн халаалтын зуух нь эко горим, шөнийн горим, энгийн горим гэсэн гурван горимоор ажиллах боломжтой.

Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулсан. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар таван хий цэнэглэх цэг ажиллаж байна.

Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болсон. Хийн түлш борлуулах цэгт тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалт, зөөврийн хий мэдрэгч, галын сараа тоноглолууд, галын автомат болон гар хор, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, аюулгүй байдлыг хангасан.

Хийн халаагуурт шилжүүлэх сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн борлуулагчийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ.

Энэ онд сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшуулал, шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээнд нийслэлийн төсвөөс 52 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

2025 онд байшин сууцны дулаалга, хийн түлшний шугам сүлжээний холболтын систем, баллон цэнэглэх 22 цэг байгуулах зэрэгт 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй байв.