Уншиж байна ...

Х.Нямбаатар: Дулаалгаа хийж дууссан айлуудад Хятад улсад үйлдвэрлэсэн хийн халаагуурыг суурилуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ өвөл 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлэхээр болоод буй. Уг ажлын явцын талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын гурван гол цөм хэсэг нь Баянхошуу, 7 буудал, Шархад орчим байна. Агаарын бохирдлын бүсчлэлийг НИТХ-аас шинэчлэн тогтоохдоо ногоон бүсэд ойрын жилүүдэд хатуу түлш түлэхгүй, ШТС-уудад Евро 5 стандартын түлшийг зарах чиглэлийг өгч, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Энэ жил Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлж байгаа. Монгол гэрүүдийн дулаалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гүйцэтгэж, 90 хувьд хүрсэн. Харин 3,900 орчим байшин сууцыг арваннэгдүгээр сарын 10-н гэхэд дулаалж дуусна. Байшин сууцны дулаалгыг нийслэлээс хариуцаж байгаа бол хаалга, цонхоо дулаалах үүргийг иргэд өөрсдөө хүлээнэ. Гэр, байшингийн дулаалгыг хийж дууссаны дараа Хятад улсад үйлдвэрлэсэн хийн халаагууруудыг айлуудад суурилуулахаар гуравласан гэрээг байгуулж байгаа юм.

Ирэх онд 46,000 өрхийг хийн халаагуурт шилжүүлнэ" гэлээ.

Нийслэлээс байшин сууцны дулаалга, хийн түлшний шугам сүлжээний холболтын систем, баллон цэнэглэх 22 цэг байгуулах зэрэгт 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй бөгөөд 5,000 айлаас монгол гэрт 1,386, байшин сууцанд 3,614 нь амьдардаг байна. Эдгээр айл өрхөд LPG буюу шингэрүүлсэн хийн түлшийг нэг литрийг нь 2,500 төгрөгөөр худалдахаар тооцоолжээ.

НИТХ-аас Нэгдүгээр хорооллын арын дэнж, III, IV хорооллын арын дэнжийн өргөн замын урд хэсгүүд, Гандан, Эх Нялхас, 32-ын тойрог, Дэнжийн 1,000, 100 айл, Улсын бүртгэлийн арын хэсгийн айлууд болон Манба дацангийн орчмын айлуудыг бүхэлд нь ногоон бүсэд хамруулсан байна.