Уншиж байна ...

22,000 гаруй айлыг хийн түлшинд холбох ногоон бүсэд ШТС, авто сэлбэгийн худалдааг хориглоно

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд Москва хороолол, Нэгдүгээр хороолол, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс зэрэг байршлын гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, 22,000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбохоор болоод буй.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэхүү ногоон бүсэд стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах (бүх төрлийн хатуу түлш), авто бензин, дизель түлшийг худалдан борлуулах, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах, нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах, авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх, хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглох юм байна.

22,000 гаруй айл өрхийг шингэрүүлсэн хийн түлш хэрэглэдэг болгосноор гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 2025-2026 онд шилжих өвөл 15% буурах судалгаа гарсан байна.

LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийг амины орон сууцанд, LPG буюу нефтийн шингэрүүлсэн хийг гэр сууцанд ашиглах бөгөөд ОХУ-ын Кингисепп дэх шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрээс авахаар болжээ.

Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд гэр хорооллын 147,000 гаруй айл өрхийг хамруулж, эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95,000 өрхийн гэр, байшинг дулаалах юм байна.