Нийслэл хотын Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 айлын гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлж буй.
Уг өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын/НЗДТГ/ хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн дулаалгад хамрагдсан айлуудаас 65 нь хийн түлшний халаагуурт бүрэн шилжжээ.
Өдөр шөнийн горимтой, өрхийн дулааны хэрэгцээг мэдэрч автоматаар асаж унтардаг ухаалаг хийн зуухыг тус дүүргийн 3,100 гаруй айл өрхөд суурилуулах ажил үргэлжилж байгаа аж. 5,000 айлд тавих хийн халаагуур зуухыг БНХАУ-ын Haier болон Hisense компани монгол иргэдэд зориулж үйлдвэрлэжээ.
Дүүргийн хэмжээнд хийн түлш түгээх нийт 24 түгээх цэг байгуулахаас хоёр нь бүрэн ашиглалтад орсон бол ирэх сард бүгдийг ашиглалтад оруулах гэнэ.
Харин хийн түлшинд шилжих айлуудад дулаалгаа бүрэн хийсэн, аюулгүй байдлын сургалтад хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Нийслэлээс байшин сууцны дулаалга, хийн түлшний шугам сүлжээний холболтын систем, баллон цэнэглэх 22 цэг байгуулах зэрэгт 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй бөгөөд 5,000 айлаас монгол гэрт 1,386, байшин сууцанд 3,614 нь амьдардаг байна. Эдгээр айл өрхөд LPG буюу шингэрүүлсэн хийн түлшийг нэг литрийг нь 2,500 төгрөгөөр худалдана хэмээн мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!