Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батзориг: Дарь-Эхийн 30 айлд суурилуулж байгаа LPG хийн зуух нь 3.8 сая төгрөгийн үнэтэй. Энэ өвөл туршиж үзэх гэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд энэ жил гэр хорооллын 5,000 айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр болоод буй.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны зарим айлд LPG хийн зуух суурилуулж эхэлжээ.

Хийн зуухны ажиллагааны талаар Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг "Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх хүрээнд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны эхний 30 айлд бие даасан LPG хийн зуухыг суурилуулж байна. Уг зуух нь Финландын загварынх, Скандиновын орнууд болон Алс Сибирийн айл өрхүүд хэрэглэдэг. 30м.кв болон түүнээс дээш талбайтай сууцыг халаах гурван төрлийн хүчин чадалтай бөгөөд температурын болон газ алдагдлын гэсэн хоёр мэдрэгчтэй.

LPG зуухыг гэрт суурилуулахдаа хийн баллоныг гадна талд байрлуулан төмөр хоолойг газар доогуур явуулж зуухтай уян холбоогоор залгах юм. Хийн баллоныг гэрийн гадна суурилуулахдаа автомат болон механик хоёр төрлийн хаалтаас иргэд сонгоно. Нэг хайрцагт хоёр баллон суурилуулна.

Өвлийн цагт газаар ажиллаж, зуны цагт гал түлэх боломжтой зуух. Зуухыг газаар ажиллуулахад цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй, очлууртай. Газын дэгдэлтийг гадагшлуулах яндантай. Мөн зууханд нэмэлтээр дулаан баригчийг суурилуулах боломжтой. Гэхдээ дулаан баригч нь арай илүү үнэтэй байна. Айлууд сонирхвол нэмэлтээр авч болно.

Хэрэв байшин сууцанд LPG зуухыг суурилуулах бол зуухандаа усан тогоог нэмэлтээр байрлуулж, паараа халаах боломжтой юм.

Гэр, байшингаа сайн дулаалсан айл LPG зуухыг суурилуулаад хамгийн хүйтэн буюу -40 хэмтэй үед долоо хоногт 30-40 кг газ хэрэглэнэ гэж тооцож буй. Горгаз компаниас нэг килограмм газыг 3,000 төгрөгөөр нийлүүлбэл сардаа 120,000 орчим төгрөг зарцуулна. Тэгэхээр өвлийн саруудад 480,000 орчим төгрөгийн газ хэрэглэнэ. Гэхдээ энэ өвөл л туршиж үзэх гэж байна.

Харин гэрээ сайн дулаалаагүй айл зуухыг суурилуулбал газны зарцуулалт их гарна.

Хийн зуухыг ажиллуулж байх үед хоол хийж болохгүй, харин гал түлэх горимд шилжүүлсэн тохиолдолд боломжтой. Гал түлэх тохиолдолд зуухны үнсний сетик, үнс унагах савтай. Гэхдээ айлуудад зөвхөн газаар ажиллах зориулалтаар нь тараана.

LPG хийн зуух нь 3.8 сая төгрөгийн үнэтэй, энэ үнэд хийн баллон, тоноглол ороогүй. Уг зуухыг Дарь-Эхийн 30 айлд суурилуулж байна. Зуухыг суурилуулж байгаа айлууд зааварчилгаа сайн авч, аравдугаар сарын 1-нээс газын хэрэглээнд шилжинэ.

Газар доогуур шугаман холболттой LPG хийн зуухыг байшинд амьдардаг 50 айлд суурилуулна. Шугамын холболтын зураг хийгдэж байгаа" хэмээн танилцууллаа.

зураг
 
зураг
 

Түүний хэлснээр Дэнжийн мянгын 50 айлд хийн зуухыг суурилуулах юм байна.