Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд энэ жил 5,000 өрхийг хийн халаагуурт шилжүүлэхээр болоод буй.
Уг ажлын явцын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин "Энэ онд нийслэл хотын таван хорооны 5,000 өрхийг хийн халаагуурт шилжүүлэх гэж байна. Үүнд Гандан, Зурагт, Дэнжийн мянгын гурван хороо, Баянгол дүүргийн 11, 16 дугаар хорооны айл өрхүүд хамрагдана.
Үүнээс 3,361 сууц буюу байшинд, монгол гэрт амьдарч байгаа 1,468 айл өрхийг хийн халаагуурт шилжүүлэх юм.
Өрхийн дулаалгын талаар 3,000 өрхийн иргэдээс нарийвчилсан судалгаа авсан. Монгол гэрт амьдардаг өрхүүдийн дээвэр болон туурганы давхар нэмэгдэх тусам дулаан алдагдал багасах хандлагатай гэсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааг үндэслэж судалгаа хийсэн. Тухайн бүсэд амьдарч байгаа 5,000 айлын 77% нь дээвэр болон туургаараа, байшинд амьдарч байгаа айлуудын 79% нь хана, хаалга, цонхоороо дулаан алдаж байгаа нь тодорхойлогдсон.
Судалгаанд оролцсон монгол гэрт амьдардаг иргэд хаяа, хаалгаараа дулаан алдагддаг гэж хамгийн их хариулсан. Монгол гэрийн хаяа, хаалгыг зайлшгүй дулаалж хийн халаагуурын өртгийг багасгах шаардлагатай болж, төслийг хэрэгжүүлж байна.
Тухайн бүсийн байшинд амьдардаг айлуудын гаднах фасад, дээврийн хөндийн дулаалгыг нийслэлээс бүрэн хариуцаж хийж байгаа юм. Уг дулаалгыг энэ долоо хоногоос хийж эхэлсэн. Байшинд амьдардаг айлууд гаднах фасадын өнгөлгөө, гонх, шал, цонхны дулаалгыг өөрсдөө хийж байгаа.
Монгол гэрт амьдардаг айлуудын дулаалгыг нийслэл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж байгаа юм.
5,000 айлд тавих хийн халаагуур зуухыг БНХАУ-ын Haier болон Hisense компани монгол иргэдэд зориулж үйлдвэрлэн, нийлүүлж эхэлж байгаа. Аравдугаар сарын 1-н гэхэд хийн халаагуурын төхөөрөмжүүдийг айл өрхүүдэд суурилуулж дуусна.
Газ хэрэглэж байгаа айлуудад есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд нийслэлээс нийт 900,000 төгрөгийн үнийн урамшууллыг нийслэлээс олгохоор боллоо" хэмээн танилцууллаа.
Хатуу түлшнээс хийн түлшинд шилжих эсэх талаар 5,000 айлаас судалгаа авахад 80% нь зөвшөөрсөн бол 9% нь шилжих эсэхээ мэдэхгүй, 11% нь шилжихгүй гэжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55.6% гэр хорооллын 171,976 айл өрхөөс гардаг гэсэн хоёр жилийн өмнөх ЖАЙКА-гийн судалгаа бий. Энэ жил КОЙКА байгууллагатай хамтарч уг судалгааг шинэчлэхээр болсныг тэрбээр мэдээллээ.
Хийн халаагуурт шилжих айл өрхүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!