- Мөсөн тивийн төлөө геополитикийн их тулаан бүр шуудангийн маркаар ч илэрнэ
Антарктид? Одоо өрнөж буй бөмбөрцгийн Хойд туйл–Арктикийн төлөө “тулалдаан”-ыг андуурав уу? Үгүй ээ, уншигч Та зөв уншлаа. Та андуураагүй. Одоо Өмнөд мөсөн туйл (тив) Антарктидын “тулалдааны” тухай ярих цаг ирж байна гэж би хариулна.
Аливаа улс орнууд геополитик-стратегийн бодлогоо
Хэн алсыг харж чаднав тэр ялалт байгуулах магадлал өндөрсөнө. Хамгийн ойрын жишээ л гэхэд л Хойд мөсөн туйлын талаар ОХУ ирээдүйн ач холбогдлыг нь аль хэдийнээ олж хараад тэртээ 30 гаруй жилийн өмнөөс геополитик-стратегийн бодлогоо оновчтой тодорхойлсон тул одоогоор тэнд цэрэг-зэвсгийн олон салбарыг нэгтгэсэн стратегийн хүчирхэг бүлэглэл байгуулчхаад тус бүс нутагт “эзэн” нь болчихсон сууж байна. Бас болоогүй, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн гүрэн Хятад найзаа хань татчихсан, мөн үү?
Гэтэл энэ талаар энхтайвныг эрхэмлэх сайхан сэтгэлтэй Европ, Америк хоёр тэдэнд бараг мад тавиулчихсан, стратегийн энэ алдаагаа засах гэж сандарч байна. Үүнийг яаралтай түс тас шийдэхгүй бол болохоо болилоо гээд Трамп чангахан дуугарсан. Өрнөдийнхнөөс анх удаа. Дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй Америк, одоогоор дунд зэрэг хүчтэй болоод байгаа, цаашид улам хүчтэй болохоор нэгэнт шийдсэн Европ хоёр нэгдэн нийлж энэ алдаагаа засах биз. Яг одоохондоо “чанга” дуунд цочсон европчууд сандарсандаа хэл ам хийж муудалцах маягтай. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Эд нар ухаалаг хүмүүс учраа олчихно. Асуудал ойрын 5-10 жилдээ цэгцэрнэ гэж би бодож байна.
Харин одоо Өмнөд мөсөн туйл- Антарктидын “тулалдааны” тухай бодох цаг ирж байна. Ойрын 10-20 жилийн дараа мөсөн тивд олон улс орны эрх ашиг хөндөгдсөн том асуудал дэгдвэл би лав гайхахгүй.
Жилийн бараг бүх өдөр 180 км/сек хурдтай цасан шуурга тавьж байдаг, харанхуй, хүйтэн (-34-өөс -80, түүнээс дээш хэм), ертөнцийн мухар болсон Антарктид хэмээх энэ мөсөн тив нь хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй ирээдүйн хэрэгцээг хэдэн зуун жилээр хангах асар их био нөөцтэй нэг ёсны үүц юм байна! Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувийг агуулдаг гэхээр бараг хүн бүхэн шууд ойлгох байх. Түүнчлэн одоо нэгэнт тодорхой болсноор энэ их мөсөн дор техникийн хувьд ашиглах боломжтой 90 тэрбум баррель асар их нефть байна. Цаана нь ч бий. Мөн 44 тэрбум баррель байгалийн хийн шингэн (пропан, бутан гэх мэт), мөн толгой эргэм их тоогоор илэрхийлэгдэх 1.670 их наяд шоо фут (trillion cubic feet, Tcf) байгалийн хий, мөн нүүрс болон өөр олон төрлийн байгалийн баялгийн асар их нөөц агуулагдаж байгааг сансрын хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг үндэслэн АНУ-ын Геологийн алба (USGS) олж тогтоожээ.
Ийм учир шалтгаанаар Антарктидын төлөө улс орнууд “чимээгүй” өрсөлдөөд олон жил болж байгаа! Жишээ нь АНУ тэрбум доллар зарцуулж тэнд McMurdo Station гэдэг байнгын ажиллагаатай жижгэвтэр хот байгуулж байгаа. Хятад улс сүүлийн үед тийшээ эрчимтэй хөрөнгө оруулж ганцхан байсан баазаа 6 болгосон, Испани 10 сая евро, Болгар 1 сая доллар зарцуулсан гэх зэргээр цааш нь тоочиж болно. Одоогоор бараг 30-аад улс тэнд өөрийн баазаа байгуулаад байна. Тэдний нэг нь манай улс.
Бүр өнгөрсөн ХХ зууны эхээр хүн төрөлхтний ирээдүйд тулгарах энэ асуудлыг урьдчилан гярхай олж харсан Норвег улс анхны шан татахаар шийдэж эрдэм шинжилгээний экспедицээ эрдэмтэн Амундсэнээр толгойлуулан мөсөн тив рүү илгээж тэд 1911.12.14-нд “00” цэгт анх удаа хүрч улсынхаа далбааг мандуулжээ. Тиймдээ ч норвегчууд “Бид өмнөд туйлыг анх нээсэн тул талыг нь эзэмших эрхтэй” гэдэг бол тэднээс ганцхан сараар хоцорсон британичууд “Бид бас талыг нь авах эрхтэй” гэх мэтээр өөрийн эзэмшлийг тогтоох сонирхолтойгоо илэрхийлж байжээ.
Австрали хамгийн ойрхон байгаагийн хувьд “Хэний ч эзэмшлийн бус энэ мөсөн тив хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт нийцэх учиртай дундын өмч юм” гэсэн эрүүл саруул ухаанаар хандаж, тэр ухаан ялан дийлж 1959 онд АНУ, Норвег, Их Британи, Австрали, Зөвлөлт Холбоот Улс зэрэг 12 орон нэгдэн “Антрактидын Гэрээ” (Antarctic Treaty) анхлан байгуулжээ. Манай улс энэ гэрээнд 2015 онд нэгдэн орсон 53 дахь орон болсон нь Монгол Улсын маань хувьд геополитикийн маш ухаалаг алхам билээ!
Антарктидын Ливингстоны арлын Saly Rock гэдэг газарт манай нэрт Антарктид судлаач, доктор, Элчин сайд Л.Дүгэржав агсан болон бусад нөхдийн хичээнгүй зүтгэлээр “Чингис хааны нэрэмжит Антарктид судлалын бааз” нээж монгол гэрээ барьж, их мөсөн тивд “Монгол Тамга” дарсан нь бас нэгэн бахархал юм!
Энэ бүхнийг би яах гэж нуршаад байна гэхээр Монгол Шуудан Компанидаа, Монгол Маркийн Газартаа болон Гадаад Харилцааны Яамандаа хандан одоо манай улс “Mongolian Antractid Terretory“, эсхүл “Mongolian Antarctic Treaty Commemorative” гэсэн тодотголтой марк гаргах тухай санал хэлж байгаа юм. Би бээр энэ тухай 2022 онд фэйсбүүкт, дараа нь “Монгол маркийн далд түүхээс, 1924-2024” номдоо тус тус бичиж байсан. Түүн дээрээ үндэслэн энэ нийтлэлийг бичиж байна.
Өмнө нь манай улс 1980 онд Антарктидын сэдвээр 8 марк+1 блок нэг сери марк, дараа нь 1997 онд бол Америкийн маркаас копидож 6 марк+ 2 блок гаргасан. Гэхдээ эдгээр маркуудын контент нь монгол биш, Унгар, Америкийн бодлогоор хийгдсэн маркууд.
Яагаад заавал “монгол” тодотголтой, “монгол” зураг хөрөгтэй, тэр тусмаа давхар “Antarctic” тодотголтой марк гаргах шаардлагатай гээд байна гэвэл одоо манай улс “Антарктидын Гэрээ”-нд нэгдэж өөрийн баазаа байгуулснаар тэнд өөрийн гэх эзэмшилтэй болох үндэс сууриа нэгэнт тавьсан тул Олон улсын хууль, эрх зүйн талаасаа ийм марк гаргах нөхцөл бүрдсэн байна гэж би ойлгож байна.
Яагаад заавал “Antarctic” тодотголтой марк гаргаад байдаг тухайд гэвэл, жишээ нь Австрали улс 1959 ондоо “Антарктидын Гэрээ” (Antarctic Treaty) байгуулагдмагц хамгийн түрүүнд “Australian Antarctic Territory“ тодотголтой маркаа гаргасан байдаг юм. Улсын нь марк бас тусдаа “Australia” гээд гардаг. Их Британи, Франц, Америк зэрэг улсууд ч мөн адил. Энэ их учиртай. Геополитикийн их ухаан л даа.
Их Британи улс 1963 оноос эхлэн “British Antarctic Territory “ тодотголтой 1100 номинал марк гаргаад байна. Тоо ширхэг бол сая саяар ярина. АНУ “U.S. Antarctic Treaty Commemorative” сэдвээр 1971 оноос хойш мөн л олон номинал марк нийтдээ 130 сая ширхгээр хэвлэсэн байна. 1955 оноос эхлэн Франц улс 'Terres et Antarctiques Francaises' тодотголтой олон сая марк гаргадаг.
Тэднээс гадна Норвег, Шинэ Зеланд, Чили, Аргентин, Нидерланд, Орос, Энэтхэг, Болгар, Швед зэрэг дэлхийн маш олон улс өөр өөрийн контенттой маркууд гаргасан. Энэ нь тухайн улс орнууд энэ тивд өөрийн гэх орон зайтай гэдгээ шуудангийн маркаараа баталгаажуулж олон тоогоор хэвлэж дэлхийгээр нэг цацаж байгаа нь зөвхөн марк гэдэг утга төдийгүй геополитикийн том бодлогоор хийж байгаа ажил юм!
Бүр энэ сэдвийн маркуудыг нэгтгэн гаргадаг “Stanley Gibbons, Stamps catalogue Antarctida” & “Stamp Collector Exploring Antarctida” гэдэг тусгай каталогууд байдаг. “Antarctida” бол маш том сэдэв. Энд олон сая доллар эргэлддэг нь тодорхой ч яг тоо байдаггүй юм байна. Түүнээс гадна нэг бодох асуудал бол зарим улс орон маркандаа өөртөө ноогдсон газраа баталгаажуулж газрын зургаар нь марк гаргасан байна. Ер нь аливаа улс орнууд тусгаар тогтнолоо олж авах, сэргээх болон шинэ орон зай, газар нутаг олж авснаа шуудангийн маркаараа баталгаажуулдаг нэг тийм бичигдээгүй “хууль” байдаг. Тэрийг бүр ёс юм шиг дагадаг нь нэгэнт тогтсон заншил билээ!
2059 оноос эхлэн тэнд байгаа нөгөө их баялаг руу чинь “гар дүрэх” эрх албан ёсоор нээгдэх юм. Арав, хорин жилийн дараа Антарктидын тухай шуугилдаад эхэлвэл би лав гайхахгүй гэдгийн учир энэ л дээ.
Тэнд, Антарктидад “Dugerjav Peak, Oscar II Coast Graham, Antarctic Penensula, Scar Ref №19186” гэсэн батламжаар уг оргилыг Монгол Улсын, монгол хүний нэрээр нэрлэж, зам мөрийг нь тамгалачихсан байгаа. Нийтлэлд байгаа зурагнуудыг ашиглан гоё марк гаргаж болох юм гэж би бодож байна. Ийм учиртай энэ саналыг миний бие Шуудан Компанидаа, Монгол Маркийн Газартаа болон Гадаад харилцааны Яамандаа тавьж байгааг анхааралдаа авч ажил хэрэг болговол сайнсан. Сайн үйлс дэлгэртүгэй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.02.01
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!