Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол нэгдүгээр сарын 31-нд Япон Улсад боллоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний талаар сэтгүүлч Канако Онишигийн бичсэн нийтлэлийг гэрэл зурагчин Б.Инжинаашийн авсан зургуудаар баяжуулан хүргэж байна.
Нэгдүгээр сарын 31-нд Японы нийслэл Токио хотын Рёгокү Кокүгикан ордонд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи (Г.Ган-Эрдэнэ)-ийн үс авах ёслол сүр жавхлантайгаар болж өнгөрлөө. Түүний багш Миягино ояката (63 дахь ёкозүна Асахифүжи), 69 дэх ёкозүна Хакүхо (М.Даваажаргал), мөн спорт, бизнес, урлагийн салбарын төлөөлөл болсон нийт 330 зочид үсэнд нь хүрсэн байна.
Үзэгчдийн суудал хэдэн мянган фенүүдээр дүүрч, түүний аугаа их сүмогийн замналд хүндэтгэл үзүүллээ. Сүүлчийн дохё-д гарах ёслолын үеэр Тэрүнофүжи гурван настай хүү Тэмүжингээ тэврэн, одоогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү(С.Бямбасүрэн), 75 дахь ёкозүна Ооносато нарын хамт дохё-д гарч ирсэн бөгөөд фенүүд нь түүний зориг төгөлдөр дүр төрхийг сэтгэлдээ мөнхөлсөн юм.
Тэрүнофүжи бол Японы сүмогийн түүхэнд онцгой мөр үлдээсэн сүмоч билээ. Тэрбээр 18 насандаа Японы Тоттори Жёохоку ахлах сургуульд суралцахаар ирж, сүмогийн бэлтгэлээ эхлүүлсэн бөгөөд сургуулиа төгсөөд мэргэжлийн сүмод хүч үзсэн. Олон удаагийн хүнд бэртэл, ноцтой өвчний улмаас тэрээр нэгэн үе доод зиндаанд хүртэл унаж, хүнд хэцүү цаг үеийг туулсан ч шантралгүй хичээл зүтгэлээ үргэлжлүүлж, дахин дээд зиндаанд дэвшин барилдаж, эцэст нь ёкозүна цолонд хүрч чадсан юм. Тэрээр 2021 оны долоодугаар сарын башёгийн дараа ёкозүна цолонд дэвшиж, 2025 оны нэгдүгээр сард зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Түүний дийлэнх гурван жил гаруйн хугацаанд идэвхтэй ёкозүна ганцаараа байлаа. Түүний замнал нь зүгээр нэг амжилтын түүх бус, харин бэрхшээлийг даван туулсан хүний тэсвэр тэвчээр, хүч чадлын илэрхийлэл байв. Түүний үл шантрах сэтгэл, шударга барилдаан, сүмод хандах гүн хүндлэл нь олон сүмо сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж, урам зориг хайрласан юм.
Цаашид Тэрүнофүжи Исёгахама дэвжээг удирдах оякатагийн хувиар дасгалжуулагчийн шинэ замналыг эхлүүлэх болно. Тус дэвжээнд ирээдүйтэй, залуу олон сүмоч харьяалагддаг бөгөөд тэрээр өөрийн хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээ шавь нартаа харамгүй зориулна.
Гэрэл зургийг Б.Инжинааш
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!