Индэр    
1 цаг 36 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Баян-Өлгий аймгийн хошой аварга малчин өрхийн НЭГ ӨДӨР

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Казах айл ирсэн зочдоо хойморт суулгаж хүндэтгэнэ.

Элбэг дэлбэгийг бэлгэшээж ширээгээ аяга тавих зайгүй засдаг уламжлалтай. Үүнийг "дастархан" ёс гэнэ. Халуун савандаа цай байлгадаггүй учир шинээр цай чанаж айлчин гийчнээ дайлж байлаа. 

Яг л энэ жишгээр Баян-Өлгий аймгийн аварга малчин А.Муздафигийн гэргий Г.Амангүл сүүтэй цай чанаж, зочдодоо аягална. Нөхөр нь хониндоо явсан тул тэрбээр хоёр охинтойгоо байгаа аж. 

Өрх тусгаарлаж гэр бүл болоод 26 жил өнгөрчээ. Анх аав, ээжийнхээ өгсөн мал сүргийг өсгөн үржүүлж өдгөө аймгийн аварга малчин болсон байна.

2019 оны аймгийн аварга, 2022 оны аймгийн аварга малчин, 2023 оны хошой аварга малчин А.Муздафигийн хот айлаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэе.  

Гэрийн эзэн өглөө эртлэн босож малдаа гараад нар шингэхээс өмнө ирдэг аж. Тэднийх 70 гаруй адуу, 70 гаруй сарлаг үхэр, 10 тэмээ, 500 орчим хонь, ямаа хариулдаг. 

Ах, дүүс нийлсэн есөн айл нэг нэгэндээ түшиг болж, оторт гарна. Бод малаа уул руу гаргадаг бол бог малаа холгүйхэн хариулж, зундаа Хотон нуурын дээхэн зусдаг байна. 

Зургаадугаар сард зуслан руу хүрэх зам саад бартаа их тул машинаар явахад бэрх.

Тиймээс тэмээндээ ачаагаа тэгнэж, морио унаад нүүдэллэдэг тухайгаа ярина.

Хавар, зуны урин цагаас малчдын ажил амьдрал тун завгүй өрнөнө. Гүү барьж, сааль сүү бэлтгэж, адуу малдаа явна гэсээр өглөөнөөс орой хүртэл борви бохис хийх чөлөөгүй. Өвөл харьцангуй тайван. Гэхдээ гурван жилийн өмнө энэ нутагт зуд болж мал бэлчээрлэж чадаагүй аж. 

Харин энэ жил өвөлжөө тавлаг байгааг хүүрнэнэ. Аймгийн хошой аварга малчин болсон энэ гэр бүл цааш шаргуу хөдөлмөрлөж улсын аварга малчин болох зорилготойгоо хэлж байлаа. 

Тэднийх гурван хүү, дөрвөн охинтой. Том охин нь МУБИС-д багш мэргэжил эзэмшиж төгссөн бол удаах хүү нь өнгөрсөн хавар арванхоёрдугаар ангиа төгсжээ. 

Энэ айлын хамгийн бага ирэх намар нэгдүгээр ангид орно.

Казах эмэгтэйчүүд үйлэнд уран. Үндэсний хувцас, аравч зэргээс эхлээд казах үндэсний эд зүйлсийг чамин ганган хээ хуаргүйгээр төсөөлшгүй. 

Хатгамлыг ихэнхдээ айлын бэр болсон хүмүүс буюу эхнэрүүд хийдэг аж. Г.Амангүл 19 настайдаа нөхөртэйгөө танилцаж, гэр бүл болох үедээ оёж хатгах үйлийг анх эмээгээсээ сурчээ.

Одоогоор манай охид хатгамал хатгахыг арай сураагүй байгаа хэмээн тэрбээр хэлнэ. Зуны улиралд сүү сааль бэлтгэж, гэрийн ажил, хоол цай гэсээр тун завгүй. Тиймээс өвөл ажил хөнгөрөх үеэр аравч, хувцас хэрэгсэл оёж хатгах зав зай гардаг тухайгаа тэрбээр хэлж байлаа. 

Казах үндэсний эд зүйлсийг чамин ганган хээ хуаргүйгээр төсөөлшгүй.