Грэммийн шагнал гардуулах 68 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр АНУ-ын Лос Анжелес хотод боллоо.
Энэ удаагийн ёслолд хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшсэн Кендрик Ламар тавынх нь эзэн болсон юм. Ингэснээр 38 настай реппэр залуу 57 удаа нэр дэвшээд 27 грэмми хүртсэн амжилтаараа Jay-Z-г гүйцэж, тэргүүн эгнээнд бичигдэж байна.
АНУ-ын дуучин, ая зохиогч Билли Айлишийн "Wildflower" дуу нь оны шилдгээр шалгарав. Тэрбээр 2020 онд олны хүртээл болгосон "Bad Guy" дуугаараа анх грэмми хүртэж байсан бол ийнхүү зургаан жилийн хугацаанд гурав дахь бүтээл нь шилдгээр тодорч, энэ хугацаанд 34 удаа нэр дэвшээд 10 грэммитэй болжээ.
Пуэрто Рико гаралтай дуучин Bad Bunny-гийн "Debi Tirar Mas Fotos" цомог эзнийгээ түүхийн хуудсанд үлдээв. Түүний испани хэл дээр бичигдсэн цомог тус наадмаас цом авсан анхны латин уран бүтээл болж байна.
Дуу хөгжмийн төрлийн шилдэг дэлгэцийн бүтээлээр нэрт удирдаач Жон Уильямсын амьдралыг өгүүлсэн "Music by John Williams" баримтат кино тодров. Уг киноны продюссерээр нэрт найруулагч Стивен Спилберг ажилласан бөгөөд "EGOT" буюу Эмми, Грэмми, Оскар, Тонигийн шагналыг бүгдийг нь авсан 22 дахь уран бүтээлч болов.
Энэ жагсаалтад Элтон Жон, Жон Леженд зэрэг алдартнууд бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!