Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээн Польш улсад хэсгийн шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Дэлхийн чансааны оноогоор уригдан оролцсон манай улсын "The MongolZ" баг А хэсэгт багтсан бөгөөд хоёр удаа тоглосны эцэст нэг ч хожилгүйгээр тэмцээнээ дуусгалаа.
Тэд өнгөрсөн шөнө тэмцээнээс хасагдахгүйн төлөө Бразилын "FURIA" багийн эсрэг тоглосон боловч 1:2 онооны харьцаатай ялагдал хүлээсэн бөгөөд сүүлийн таван учраандаа Бразилчуудыг хожиж чадсангүй.
Өнгөрсөн шөнийн тоглолтод манай улсын баг эхний "Mirage map"-ийг хожиж эхлүүлсэн боловч харамсалтай нь үлдсэн хоёр тулааны талбар дээрээ ялагдал хүлээсэн билээ.
Ийнхүү "The MongolZ" баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүлж байна. Өнгөрсөн жил манай улсын баг шөвгийн дөрөвт шалгарсан амжилт үзүүлж байсан бол энэ жил хэсгийн шатнаас хасагдав.
Тэд энэ сарын 14-22-нд Румынд зохион байгуулагдах 1.2 сая ам.долларын шагналын сантай PGL Cluj-Napoca-2026 тэмцээнд дэлхийн чансааны оноогоороо уригдан оролцоно. Уг тэмцээнд 16 баг тойргийн журмаар тоглох бөгөөд гурван хожилтой найман сүүлийн шатанд шалгарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!