Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, надад хотойх юм алга.
Одоо үндсэн сэдвээ үргэлжлүүлье. НАТО-гийн гишүүн орнууд иргэддээ хандан Оросоос яаралтай гарахыг уриалжээ. Нөхцөл байдал маш ноцтой болсон тохиолдолд л ийм анхааруулга гаргадаг. Орос Украинд халдан довтлох нь гарцаагүй болсон үед ийм мэдэгдэл хийж байсан, тэгэхээр Орост ямар нэгэн ноцтой үйл явдал ойрын үед болж магадгүй учир тэндээс иргэдээ гараарай гэж уриалж байна гэж ойлголоо.
Гэтэл манайд үүний эсрэг гэмээр нэг хачин мэдээ сонсогдлоо. Соёлт ертөнц Оросоос нүүр буруулах чиг хандлагатай болоод байгаа энэ цаг үетэй зэрэгцээд Оросын талаас цар тахлын үеэр 2020 онд зогсоосон УБ-Москва-Берлин гэсэн чиглэлээр тогтмол нисэж байсан уламжлалт харилцаагаа сэргээх саналыг манай Засгийн Газарт хандан тавьжээ. Энэ тухай Зам тээрийн сайд Б.Дэлгэрсайхан “Одоогийн байдлаар Монголын агаарын тээврийн компаниуд ОХУ руу нислэг үйлдэхгүй байгаа. Гэхдээ Оросын авиа компаниуд Красноярск, Иркутксаас Монголд нислэг хийж байгаа. Өнгөрсөн онд "Аэрофлот" компани Красноярскийн "КрасАвиа" компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр Улаанбаатар чиглэлд шинэ нислэг нээсэн” гэж мэдэгдэв.
Орос-Украины дайнаас шалтгаалан өнөөгийн Оросын Иргэний Агаарын Тээвэр (ИАТ) ноцтой хүндрэлд учраад байна. Олон улсын хоригт орсноос шалтгаалан техник, технологийн нарийн эд анги чип зэргийг гадаадаас авах боломжгүй болжээ. Өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх төвшинд хүрээгүй байдаг. Барууны технологийн хөгжлөөс хоцроод алга болсон. Хоцрогдлоо гүйцнэ гээд зүтгэдэг юм аа гэхэд багаар бодоход 20-30 жилийн зай байдаг. Хоцрогдлоос шалтгаалан одоогоор Оросын нисэх онгоцны үйлдвэрлэл үндсэндээ зогссон байгаа болохоор хуучин онгоцнуудаа ашиглахаар шийдсэний гор нь гарч саяхан даа, зургаадугаар сарын 24-нд Амур мужид Оросын ИАТ-ын “Ан-24” онгоц 49 хүнтэй осолдсон эмгэнэлт явдал тохиосон. Уг онгоц нь СССР-ийн үед 1976 онд үйлдвэрлэсэн, 49 жил ашиглагдаж байгаад сүйрч байгаа нь энэ юм байна.
Лондонд Brunel University төгсөөд одоо “Boeing” корпорацын инженерээр ажиллаж буй Ч.Даваадорж ингэж бичжээ, “Онгоцны үйлдвэрлэгч (Airbus, Boeing, Embraer) загвараас (B737-800, A320, B747 гэх мэт) шалтгаалаад дунджаар 25-30 жил. Зарим ачаалал ихтэй онгоц 15-20 жил болоод тэтгэвэртээ гарах жишээний” гэж. Барууны, Евро стандартыг баримталсан техник, технологийн чанга хатуу хяналтаар нялх хүүхэд мэт арчлаад байхад л дээд тал нь 30 жил байж болдог тухай манай инженер ингэж бичсэн байна. Харин оросын хэнэггүй, хариуцлагагүй, хөдөлмөрийн соёлгүй “стандарт”-аар “арчлаад” хагас зуун жил талхисан, акталж хаях ёстой онгоцоор тэд иргэдээ нисгэжээ. Хуучин гэхэд хэтийдсэн онгоц. Яаж ийм онгоцыг хэрэглэж чаддаг байна вэ? Үүнийгээ нуух гэж “Хүний хүчин зүйлээс шалтгаалсан...” гэж өөрсдийнх нь шинжээчид тодорхойлсон ч үүнд нь итгэх хүн ховор. Ер нь байнга ингэж буруу тохдог л доо. Үзээд өгье гэхнэ ээ Орост нисэхийн аж үйлдвэрлэл паг суучхаад байгааг яалтай ч билээ.
Техникийн доголдол, технологийн хоцрогдол байсан гэж хардсан сэтгэгдэл оросын бичлэг бичвэрийн дор маш олон байна. “АН-24” ч яах вэ, энэ бол Оросын дотоод асуудал гэж бодъё. Гэтэл ИАТ нь ийм эгзэгтэй байдалд байгаа энэ улс яагаад монголчууд бидэнд нислэгээ сэргээх санал тавиад байна? Тэр найдвартай онгоц нь хаана байна?
Хэдхэн хоногийн өмнө Орос улс маань Африкийн ядуу орон Этиопоос Америкийн “Боинг”-ыг 2-3 дахин үнэтэй түрээслэх санал тавьсан ч цаадуул нь татгалзжээ. Өөрт байгаа оросын үйлдвэрийн онгоцонд гадныхан байтугай оросууд өөрсдөө ч итгэхгүй болчхоод байдаг? Ийм байдалтай байж монголчууд бидэнд яагаад ийм “хачин” санал тавиад байна гэх хардлага надад лав байна. Хоосон ч хардсан юм биш.
Түүх сөхвөл, миний л лав баттай сайн санаж мэдэж байгаагаар Оросууд 1983 онд Өмнөд Солонгосын ИАТ-ийн “Boeing-747”-ыг “Су-15” сөнөөгч онгоцноос “агаар-агаар” ангилалын пуужингаар буудан сөнөөж 269 хүн алсан, 2014 онд Нидерландын “Boeing-777”-ыг ”Бук 9М, Газар-агаар” ангилалын пуужингаар сөнөөж 298 жирийн иргэдийн амь насыг хохироосон. 2010 онд бүр ноцтой. Оросын Катыны ойд осолдсон Польшийн ИАТ-ийн “Ту-154” онгоцоор зорчиж явсан Польшийн Ерөнхийлөгч тэргүүтэй төр-засгийн-цэргийн өндөр албан тушаалтнууд 96 хүн амь үрэгдсэнийг осол биш, оросын санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж олон польш хүн одоо ч боддог. Оросууд хар хайрцгийг нь өгөөгүй. Хохь чинь гэсэн царайтай гүрийгээд хүрлийгээд сууцгааж байна. Оросыг орхисон, НАТО, Европын Холбоо руу зүглэснийхээ шанг Төрийн тэргүүн ба цэрэг-улс төрийн удирдагчдынхаа амиар Польш төлсөн дөө.
Азербайжаны унасан онгоцны зураг энэ байна. Хамгийн шинэхэн жишээ. 2024.12.25-нд Азербайжаны нийслэл Бакугаас Оросын (Чеченийн) Грозный хот руу нисэж явсан Азербайжаны ИАТ-ийн “Embraer 190” онгоцыг буудаж сөнөөхөд онгоцонд явсан 67 хүний 38 нь амь үрэгдсэн харамсалтай явдал. Орос өнөөх л муухай, шударга бус зангаа гаргаж “Бид буудаагүй” гэж эхлээд гүрийсэн. Гэвч Оросын “Панцир-С1, Газар-агаар” ангиллын пуужингаар буудсан нь илэрхий болоход “Энэ бол алдаа байсан” гээд ёс төдий уучлал гуйгаад өнгөрөх оролдлого хийсэн нь соёлт ертөнцийн жигшил зэвүүцлийг төрүүлсэн.
Азерууд бол бүр гомдлын туйлд хүрсэн. Аргагүй шүү дээ. Өнөөх л хуучин СССР-ийн дээрэнгүй зангаараа, одоо ч өөрийнхөө эрхшээлд байгаа гэж тооцож дээрэнгүй зангаа гаргасанд Азерууд үүнд маш их эмзэглэж байна. Энэ улс одоо Оросын дайсан улсын тоонд эргэлтгүй орлоо. Өмнө нь эргэлзэнгүй байсан бол одоо ил цагаан Украинд тусалж эхэллээ. Энэ мэтээр Орос улс алхам тутамдаа олон улсын нэр хүндээ алдаж байна, бас холбоотнуудаа дараа дараалан алдаж байна. Ялангуяа Украин руу итгэл эвдэн довтолсноос хойш. “Embraer 190” онгоцоо сөнөөлгөснийхөө шанд Азербайжан нь Арментайгаа нийлж байгаад ОХУ-ыг Өвөр Кавказаас шахаж гаргаад, тийшээ АНУ-ыг оруулаад ирлээ. Орос Кавказаас бүрмөсөн хөөгдөх нь цаг хугацааны асуудал боллоо.
Одоо чаддаг дээрэлхдэг нь Беларусь, Монгол хоёр болж үлдэж байх шиг. Тиймдээ ч Монголтой агаарын харилцаагаа сэргээн олон улсын хоригийг нэвтлэх нь л дээ. Үүнийгээ найрамдлын үйлс болгоод суртал ухуулгаараа монголчуудыг маллаад авахаа мэдэлгүй дээ.
Оросын талаас гэнэт тавьсан энэ хачин жигтэй саналыг сонсоод надад “Энэ муусайн монголчуудыг нэг хашраая. Тэд биднийг тоохгүй, цаашаа “Баруун” руу хандраад байна. Үзүүлээд өгье” гээд манай онгоцыг буудаж сөнөөх гэж байгаа юм биш биз гэсэн хар надад төрснөө нуугаад яах вэ. Даанч их “Баруун”, “Өрнөд” гэсэн юм, хохь чинь гээд тавлахаасаа ч бас буцахгүй. Оросыг орхих гэвэл юу болдгийг Украины нармайг нээж цус нөжтэй нь хутгаж байгаа энэ дайн нь харуулчихсан. Түүгээрээ сануулга болгоод үзээд байх нь л дээ.
Хэрэв манай онгоцыг нутагтаа унагачихвал, эсвэл монголчуудыг оросын ямбий онгоцоороо тээж яваад тэр нь сөнөчихвөл гэж би хардаад бэргээд айгаад байна л даа. Тэгж сөнөөчхөөд, нөгөө л муухай "Русская Пропаганда-Fake News“-ээрээ бусад руу юм уу, магадгүй бидэн рүү чихээд, сүүлдээ тэр нь илэрсэн ч тас гүрийгээд өнгөрдөг энэ улс манайхыг ёстой нохой мэт үзнэ биз, аан? Үл тооно. Тоож ч байгаагүй дээ. Биднийг байтугай биднээс том, чадалтай улсуудад ийм зан гаргаж чадаад байгаа юм чинь гэсэн хар төрлөө, надад.
Агаарын харилцаа сэргэх тухай мэдээллийн дор хөвөрсөн манайхны сэтгэгдлүүдийг уншаад үзээрэй. Дийлэнх олонх нь маш таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн байна лээ шүү. Монголын Засгийн газар ард иргэдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж ийм хүсэлтийг хүлээж авахгүй, ядаж дайн дуусаж, Орос орон эрүүлжихийг хүлээх байх гэж монгол хүний хувьд би итгээд байх юм.
Тодын Отгонбаяр (Лондон, Их Британи, 2025.08.13)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!