Олон Улсын Чарганы Холбоо (FIL) ОХУ-ын тамирчдын эсрэг авсан хоригоо үргэлжлүүлэхээр болжээ. Энэ долоо хоногт тус холбооны Удирдах зөвлөлийн санал асуулгаар хоригийг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна.
Ингэснээр ирэх онд болох цагаан олимпын эрх авах тэмцээнд Оросын тамирчид оролцох эрхгүй болов. Эрхээ авах тэмцээнд оролцохгүй тул Италийн "Милано-Кортина"-д болох 2026 оны олимпод тус улсын чарганы баг оролцохгүй болох нь тодорхой аж.
Тус холбоо анх 2022 онд Оросын тамирчдын эсрэг хориг арга хэмжээ авч байсан бол 2024 онд 72 дахь Чуулганаар дээрх шийдвэрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байв.
Энэ удаагийн хурлаар хоёр асуудлаар санал хураалт явуулжээ. Эхнийх нь 2022 онд анх баталсан тогтоолыг үргэлжлүүлэх эсэх тал дээр санал хураасан бөгөөд 24 төлөөлөгч дэмжиж санал өгсөн бол долоо нь эсрэг санал өгч, нэгийг хүчингүйд тооцжээ.
Дараа нь орос тамирчдад төвийг сахисан статус олгох эсэхийг хэлэлцсэн байна. Ингээд Гүйцэтгэх зөвлөлийн олонхын шийдвэрээр татгалзсан шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Inisde The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!