Уншиж байна ...

АНУ-ын засаг захиргаа Орос, Украины дайныг зургаадугаар сард багтаан дуусгах хүсэлтэй байгааг Зеленский мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Орос, Украины дайныг энэ оны зургаадугаар сараас хэтрүүлэлгүй дуусгах хүсэлтэй байгааг ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

Мөн дайтагч талуудыг ирэх долоо хоногт АНУ-д болох уулзалтад урьсныг тэр нэмж хэлсэн байна.

“Америкийн тал анх удаагаа Украин, Оросын хэлэлцээрийн багийг АНУ-д, магадгүй Майамид ирэх долоо хоногт уулзахыг урилаа. Бид оролцохоо баталсан” гэж Зеленский хэлжээ.

Энэ долоо хоногт Абу Даби хотод АНУ-ын зуучлалтай болсон хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Баасан гарагт тодорхой ахиц дэвшилгүй өндөрлөсөн юм.

Зеленский энэ уулзалтын талаар “хэцүү асуудлууд, тэр дундаа Украины эзлэгдсэн газар нутгийн асуудал хэцүү хэвээр байна” гэж хэлжээ.

Энэ удаа зөвхөн гурван талын төлөөлөгчид биш, удирдагчид оролцсон гурван талт уулзалтыг зохион байгуулах санаа анх удаа яригдсаныг тэр мэдээлсэн байна. Гэхдээ үүний бэлтгэл ажлыг хангахад цаг хугацаа хэрэгтэй юм.

Энхийн гэрээ байгуулах асуудалд цаг хугацааны зорилт тавигдсан эсэхийг сэтгүүлчид асуухад Зеленский “Америкчууд зургаадугаар сар гэхэд бүх зүйлийг дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Яагаад зунаас өмнө гэж? Учир нь энэ дайн АНУ-ын дотоод асуудалд нөлөөлөхийг бид ойлгож байна” гэж хариулжээ.

Тухайлбал энэ оны арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль нь АНУ-ын улс төр дэх хүчний харьцааг өөрчилж болзошгүй чухал үйл явдал юм.

Ийнхүү бараг дөрвөн жил үргэлжилж буй дайныг дуусгах дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаатай зэрэгцэн Украины эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн Оросын агаарын довтолгоо үргэлжилсээр байна.

Өчигдөр Украины эрчим хүчний сайд Денис Шмыгаль “Оросын гэмт хэрэгтнүүд Украины эрчим хүчний байгууламжуудад ээлжит томоохон халдлагаа үйлдлээ” гэж сошиал хуудсаараа мэдээлжээ.

Энэ удаа цахилгаан эрчим хүчний урсгалыг хянадаг дэд станцууд, Украины түгээх сүлжээний гол тулгуур болсон агаарын дамжуулах шугамууд цохилтын бай болсон байна.

Үүний улмаас Украины эрчим хүчний хомсдол огцом нэмэгдэж, хөрш Польш улсаас яаралтай тусламж хүссэнийг Шмыгаль мэдээлжээ.

Баасан гарагийн шөнө болсон халдлагад Оросын тал 400 гаруй нисгэгчгүй онгоц, 40 пуужин ашигласныг Зеленский мэдээлсэн юм.

Эдгээрийн ихэнхийг Украины агаарын довтолгооноос хамгаалах систем устгаж чадсан ч зарим нь байндаа хүрсэн гэнэ.

Украины нийт дөрвөн бүс нутаг уг халдлагад өртсөнөөс баруун бүсийн Львов мужид 6,000 гаруй хүн цахилгаан хангамжгүй болсон байна.

Энэ үеэр Украины тал бас Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг цэргийн байгууламжуудад цохилтоо үргэлжлүүлжээ.

Тухайлбал ОХУ-ын баруун бүсийн Тверь мужийн нутагт оршдог пуужингийн эд ангийн үйлдвэр Украины агаарын цохилтод өртсөн байна.

Өмнөд бүсийн Саратов мужид газрын тосны нөөцийн байгууламж бас агаарын цохилтод өртжээ.

 

Эх сурвалж: BBC