Баасан гарагийн өглөө эрт Москва хотын захын дүүрэгт Оросын цэргийн тагнуулын алба ГРУ-ийн генерал Владимир Алексеевийг хэд хэдэн удаа буудаж, хүнд шархдуулсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл уг халдлагыг үйлдсэн этгээдийг Дубай хотоос баривчилснаа ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) өчигдөр мэдээлжээ.
Любомир Корба гэгч 60 настай энэ эрэгтэйг Арабын Нэгдсэн Эмират Улс руу зугтсаныг баривчилж, Оросын талд шилжүүлж өгсөн гэнэ.
Түүний хамсаатнуудын нэгийг Москва хотоос баривчилсан, нөгөө нь Украин руу зугтаж амжсаныг бас мэдээлжээ.
ФСБ-ийн нийтэлсэн дүрс бичлэгт шөнийн цагаар Москвад газардсан жижиг нисэх онгоцноос офицерууд нүдийг нь боосон хүнийг буулгаж байгааг харуулсан байна.
Дэслэгч генерал Владимир Алексеев нь ГРУ-ийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хашдаг юм. Түүнийг буудуулсных нь дараа эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ.
Энэхүү халдлага нь ОХУ-ын нутаг дэвсгэрт өндөр албан тушаалтнуудыг онилсон цуврал ажиллагаануудын сүүлийнх юм.
2024 оны арванхоёрдугаар сараас хойш Москва болон түүний ойролцоо гурван генерал алагдсаны сүүлийнх нь өнгөрсөн оны сүүлээр алагдаж байв.
Корба болон түүний хамсаатнуудад Украины тагнуулын алба Алексеевийг буудах даалгавар өгсөн гэж Оросын мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Баасан гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнийг дайныг зогсоох яриа хэлэлцээг тасалдуулах гэсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн зохион байгуулсан ажиллагаа хэмээн буруутгаж байв.
Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оргодлыг баривчлахад нь туслалцаа үзүүлсэн Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгч Мохамед бин Заид Аль Нахянд талархал илэрхийлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Одоогоор Алексеевийн аминд халдах оролдлогыг зохион байгуулснаа хэн ч хүлээгээгүй байна. Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига үүнд тус улс оролцсоныг няцаагаад “энэ бол Оросын дотоод тэмцлийн илрэл” гэж мэдэгджээ.
Алексеевийн амийг хөнөөх гэсэн оролдлого Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудын “аюулгүй байдал ямар эмзэг байгааг харууллаа” гэж Кремлийн бодлогыг дэмжигчид шүүмжилж байна.
Алексеев нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украины Винница мужид төрсөн бөгөөд ажил хөдөлмөрийн гараагаа Спецназ тусгай хүчний албан хаагчаас эхэлж байжээ.
2022 онд дайн эхэлсний дараахан ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг Украин дахь тагнуулын үйл ажиллагааг хариуцуулахаар томилж байв.
АНУ-ын засаг захиргаа түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн кибер ажиллагаа явуулсан үндэслэлээр хориг арга хэмжээгээр шийтгэсэн юм.
Европын Холбоо мөн түүнийг 2018 онд Их Британид тагнуулч асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг химийн аюултай бодисоор хордуулсных нь төлөө хоригоор шийтгэж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!