Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр боловсролын сайд П.Наранбаярыг хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Тэрбээр 2024 оноос Боловсролын сайдаар томилогдон ажиллаж буй П.Наранбаярыг улс төрийн гурван том алдаа гаргасан бөгөөд энэ нь огцруулах үндэслэл мөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Нэгдүгээрт П.Наранбаяр сайд 2026 оны улсын төсвийг батлуулахдаа багш нарын цалинг нэмнэ гэж 620 тэрбум төгрөг батлуулсан. Гэтэл батлуулсныхаа дараа энэ 620 тэрбум төгрөгөөр зөвхөн багш нарын биш, ажилтнуудын ч цалинг нэмнэ гээд 93,000 хүний цалин нэмэх асуудлыг өөрөө хөндсөн. Боловсролын салбарын 2025 оны гүйцэтгэлээр нийт 93,000 хүний цалингийн сан нь 2.7 их наяд төгрөг. Үүнийг 50 хувь нэмнэ гэвэл 1.3-1.4 их наяд төгрөг хэрэгтэй. Тэгэхээр 620 тэрбум төгрөг батлуулж авчхаад тал еэвэнгийн үлгэрээр цалин нэмсэн мэт ойлголт өгөөд байгаа. Иймд түүний эхний улс төрийн алдаа бол тооцоогоо дутуу хийсэн, үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн.
Хоёрдугаарт П.Наранбаяр сайд өөрөө дур мэдэн цалингийн бүтцийг өөрчилсөн.
Гуравдугаарт хувьсах зардал. Хот хөдөөгийн сургууль, төрийн ба хувийн сургуулийн ялгааг арилгах хамгийн том шинэчлэлийн механизм нь нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо байсан. Одоо бол эвдчихлээ. Хувьсах зардлын тогтолцоонд шилжсэнээр тухайлбал нийслэлд цэцэрлэгийн асуудлыг шийдсэн.
Төрийн сайдын дамжаа гэж байж болохгүй. Энэ хүн хоёр жил боллоо, өнөөдөр хувьсах зардлаа ойлгохгүй сууж байна. Дэд сайд нь нэгдүгээр ангид долоон хичээл заадаг гэж ойлгохгүйгээр 11 хичээл байгааг долоо болгоно гээд зарлаж байгаа. Ийм ХҮН намын сайд, дэд сайдыг яг яах ёстой вэ, хариуцлага тооцох ёстой биз дээ.
Огцруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Огцроход хангалттай улс төрийн гурван үндэслэл үүссэн гэж бодож байна" гэв.
Л.Энх-Амгалан нь 2021-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!