Баасан гарагийн өглөө Москва хотод Оросын армийн өндөр албан тушаалын генерал хэд хэдэн удаа буудуулж, хүнд шархадсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Оросын нийслэлийн баруун хойд захын дүүргийн орон сууцны хороололд гарсан халдлагын дараа 64 настай дэслэгч генерал Владимир Алексеевийг эмнэлэгт хүргэсэн байна.
Халдлага үйлдсэн этгээд хэргийн газраас зугтжээ.
Алексеев бол Оросын цэргийн тагнуулын газар ГРУ-д дээрээсээ хоёрдугаарт бичигддэг албан тушаалтан юм. Одоогоор халдлагыг үйлдсэнээ хэн ч хүлээгээгүй байна.
“Хохирогчийг хотын эмнэлгүүдийн нэгд хүргэсэн” гэж ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко хэлээд хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг мэдээлжээ.
Мөрдөгчид гудамжны хяналтын камеруудын бичлэгийг шалгаж, Баасан гарагийн өглөө эрт Волоколамскийн хурдны замын орчимд байсан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Алексеевийн хөрш “хэд хэдэн буун дуу гарсны дараа сэрсэн”, “өөр нэг хөршийн тусламж гуйн хашхирахыг сонссон” гэж хэвлэлд ярьжээ.
Алексеев нь Украины дайны үеэр чухал үүрэг гүйцэтгэж, 2022 онд Мариуполь хотын бүслэлтийн үед Украины талтай яриа хэлэлцээ явуулж байсан хүн юм.
Өмнө нь тэр Сирийн иргэний дайнд Оросын зэвсэгт хүчин оролцоход гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө ОХУ-ын баатар цолоор шагнуулж байжээ.
2018 онд Их Британийн Солсбери хотод химийн хортой бодис “новичок” ашиглан халдлага үйлдсэн хэрэгт ГРУ-ийг буруутгасны дараа түүнийг Европын Холбоо, Их Британи хориг арга хэмжээгээр шийтгэж байв.
Алексеев бас 2023 оны зургаадугаар сард Вагнер групп бослого гаргахад түүний тэргүүн Евгений Пригожинтой яриа хэлэлцээ хийхээр Москвагаас томилогдож байжээ.
ГРУ дахь түүний шууд удирдлага Игорь Костюков одоо Абу Даби хотод үргэлжилж буй Украины дайны асуудлаарх гурван талт уулзалтад Оросын төлөөлөгчдийг ахалж байгаа.
Украин, АНУ-ын төлөөлөгчид оролцсон уг уулзалтын сүүлийн ээлжийн яриа хэлэлцээ Пүрэв гарагт тодорхой ахиц дэвшилгүй өндөрлөсөн юм.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдрийн халдлагад Украины эрх баригчдыг шууд буруутгасан байна.
Тэрбээр уг үйл явдлыг “террорист халдлага” гэж тодорхойлоод “яриа хэлэлцээг тасалдуулах зорилготой” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Халдлагын талаар ерөнхийлөгч Путинд мэдээлэл өгснөө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
“Юуны өмнө бид генералыг амьд үлдэж, эдгэрээсэй гэж хүсэж байна” гэж тэр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Украины тал өмнө нь Оросын армийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдсан буюу халдахыг завдсанаа хэд хэдэн удаа хүлээж байсан.
Хамгийн сүүлд Оросын тагнуулын албаныхан өнгөрсөн сарын сүүлээр Санкт Петербург хотод Оросын армийн албан хаагчийн амь насанд халдах оролдлогыг таслан зогсоосноо мэдээлж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!