Уншиж байна ...

Трампын заналхийлэл дор байгаа Гринланд аралд Канад, Франц улсууд консулын газраа нээлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Канад улсын консулын газрын нээлт

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эзлэхээр заналхийлж буй Дани улсын харьяа нутаг дэвсгэр Гринланд аралд өчигдөр Канад, Франц улсууд консулын газраа нээжээ.

Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш Трамп үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр тус арлыг АНУ-д ямар нэг аргаар нэгтгэх хүсэлтэй байгаагаа дахин дахин илэрхийлэх болсон.

Харин өнгөрсөн сард тэр NATO-гийн тэргүүн Марк Руттетэй ерөнхий гэрээний нөхцөлийг тохиролцсоноо зарласны дараа хүчээр булаан эзлэх санаанаасаа татгалзаж байв.

Гэхдээ тэр үеэс хойш яриа хэлэлцээ ямар байдалтай үргэлжилж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Дани улс, түүний харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринландын эрх баригчид аюулгүй байдлын асуудлаарх Трампын санаа зовнилыг ойлгож байгаагаа илэрхийлсэн ч нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг “халдашгүй” гэж үзэж байгаа.

Тэгвэл Трампын санаархлыг эсэргүүцэж, Дани улсын талд тууштай зогсож байгаа Канад, Франц улсууд Баасан гарагт Гринландын нийслэл Нүүк хотод тус тусын консулын газрыг нээжээ.

“Энэ бол бидний хувьд маш чухал өдөр, учир нь бид Гринландын нийслэл Нүүк хотод консулын газраа нээж байна” гэж консулын шинэ байрны гадаа төрийн далбаагаа мандуулсны дараа Канадын гадаад хэргийн сайд Анита Ананд мэдэгдсэн юм.

“Нэг талаараа хоёр холбоотон Нүүк хотод дипломат төлөөлөгчийн газраа нээж байгааг харах нь Гринландын ард иргэдийн хувьд ялалт юм. Трампын сүрдүүлгийн эсрэг дэмжлэг үзүүлсэнд маш их талархаж байна” гэж Гринландын Их сургуулийн улс төр судлаач Йеппе Страндсберг хэлжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Нүүк хотод айлчлах үеэрээ Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон консулын газар нээх шийдвэрээ зарласан юм. Энэ үеэр тэр Гринландын ард түмэнтэй Европын Холбоо эв нэгдэлтэй байгааг илэрхийлж, Трампын санаархлыг шүүмжилж байв.

Өмнө нь Вьетнам улсад элчин сайдаар ажиллаж байсан Жан Ноэл Пуарье шинэ консулаар томилогдсон байна.

зураг
 
Копенхаген дахь Францын элчин сайд Кристоф Парисо, Нүүк дэх консул Жан Ноэл Пуарье

“Хэлэлцэх эхний асуудал нь Гринландын ард иргэдийг сонсох, байр сууриа нарийвчлан тайлбарлах, тэд болон Данийн талын хүссэн хэмжээгээр бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг баталгаажуулах юм” гэж Копенхаген хотоос Нүүк рүү нисэхийнхээ өмнө Пуарье хэлжээ.

Канад улсын хувьд 2024 оны сүүлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор консулын газраа нээх шийдвэрийг зарлаж байсан юм.

Хоёр улсын консулын газрууд нь Данийн нийслэл Копенхаген дахь Канад, Францын элчин сайдын яамдад шууд захирагдах юм байна.

Гринланд арал нь 2009 онд батлагдсан өөртөө засах эрхийн тухай хуулийн дагуу илүү бие даасан гадаад бодлого явуулах эрхтэй болсон юм.

Үүний үр дүнд тохиромжтой цаг ирэх үед Дани улсаас салж, тусгаар тогтнох эрхтэй болж байгаа.

Тус арал 1992 оноос хойш Европын Холбоотой, 2014 оноос хойш АНУ-тай, 2017 оноос хойш Исландтай дипломат харилцаатай байгаа.

Исланд улс консулын газраа 2013 онд Нүүк хотод нээсэн бол 1940-1953 онуудад консулын газартай байсан АНУ-ын засаг захиргаа 2020 онд дахин нээсэн юм. Европын Холбооны хувьд 2024 онд дипломат төлөөлөгчийн газраа нээж байжээ.

 

Эх сурвалж: AFP