Дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр гардууллаа.
Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэсэн юм. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Э.Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.
Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
Ардын жүжигчин Э.Амартүвшин "Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байгаа явдалд баяртай байна. Энэ жил маш шахуу хуваарьтай ажиллаж байгаа. Монголдоо тоглолтоо хийчхээд Австри, Испани, Бавар, Берлин, Нью-Йорк зэргээр явж дуулахаар байна.
Энэ салбарын хөгжлийн хувьд миний бодлоор залуу уран бүтээлчид хувь уран бүтээлчийнхээ хувьд хөгжиж олон улсад гарахад бүх боломж нь нээлттэй болсон байна. Харин улс орны хувьд залуу үеэ сонгодог урлаг руу бодлогоор чиглүүлж үзэгчдэдээ сайн бэлдэх хэрэгтэй. Гадаадад бүх театруудад бага насны хүүхдүүдийг тоглолтын бэлтгэл дээр авчирч сонгодог урлаг үзүүлэн багаас нь бэлддэг. Боловсролынх нь системд шингэсэн байдаг. Түүнчлэн олон улсын театруудтай хамтын ажиллагаагаа сайжруулж дэлхийн чанартай уран бүтээлчдийг эх орондоо авчрах, солилцоогоор сургах зэргээр энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй болов уу" гэв.
Маргааш Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт түүний гол дүрд нь тоглож буй Ж. Верди "Травиата" дуурь ганцхан удаа тоглогдох юм.
Сонирхуулахад 2022 онд уг шагналыг АНУ-д сагсан бөмбөгөөр хичээллэдэг Ш.Энхийн-Од болон "The Hu" хамтлагийнхан авч байсан бол өнгөрсөн онд 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийнхан авч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!