УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд тодруулга мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 12,000 иргэн ипотекийн зээлээр таваас дээш байр авсан эсэх мэдээлэлд би тайлбар өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар ажиллаж байхад би Орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд даргаар ажилласан. Энэ хороонд дэд даргаар ажилласны гол зорилго нь 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо зөв байсан уу, хэдэн иргэн орон сууцжуулалттай болсон, эзэндээ очсон зээл болж чадсан эсэх талаар тодорхой судалгаа хийсэн.
2013 оноос хойш хойш 6, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл дээр 10 их наяд төгрөгийн зардлыг Монголбанк болон улсын төсвөөс гаргасан. 10 их наяд төгрөгөөр 140 мянган өрх өнөөдөр орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар 140 мянган өрхөөс анх удаа орон сууц авч буй 30 мянган юм билээ. 110 мянган иргэн ипотекийн зээл авах ёстой байсан уу гэдгийг тогтоох ёстой.
Цаана нь 110 мянга нь анх удаа орон сууц авч байгаа, гэр хорооллоос шилжсэн иргэд биш. Орон сууцтай байсан, томруулсан, 2-3 дахь орон сууцаа авсан иргэд гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвартай холбоотой мэдээлэл дээр Сангийн яамнаас өгсөн албан ёсны байр суурь дээр 3 буюу түүнээс дээш орон сууцтай иргэдийн тоо 12 мянга гарсан гэдгийг зарласан. 3-5 орон сууц авсан иргэд өөрийнхөө орлогоор авсан уу, ипотекийн зээл ашиглаж авсан эсэхийг тодотгох ёстой.
Тав бүү хэл найман удаа ипотекийн зээл авсан иргэн байна. Үүнийг Монголбанк, дамжуулж олгосон арилжааны банкууд шалгах ёстой.
Хамгийн сүүлд авсан миний мэдээллээр Монголын ипотекийн корпорацын зүгээс хоёр ба түүнээс дээш орон сууц авсан иргэдийн тоо 3,200-д хүрсэн гэсэн.
Өнгөрсөн ипотекийн зээлийн тогтолцоо зөв байсан уу гэвэл үгүй. Өнөөдөр ипотекийн зээл авахад оочертой байгаа. Оочерын урдуур ороход 10-20 сая төгрөгийн авлига төлж байгаа. Би худлаа яриагүй. Ипотекийн зээлийн тогтолцоог зорилтод бүлэг рүү чиглүүлэх үүднээс хоёр хуулийн төслийг бэлдэж байна. Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа ипотекийн банк байгуулах ажлыг ярьсан. Намайг энэ ажлын хэсгийг удирдаж ажиллах санал тавьсан.
Ипотекийн зээлийн алдаа нь дандаа барилгын компанийг санхүүжүүлсэн. Гэр хороололд амьдарч байгаа, анхны орон сууцаа авч буй иргэдээ санхүүжүүлэх зорилготой байсан. Гэтэл өнөөдөр барилгын компаниудын томоохон үнэтэй орон сууцнууд дээр ипотек авсан. Зарим хороолол дээр ипотектой, зарим дээр ипотек байхгүй байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!