Уншиж байна ...

Ар гэрийнхэнд нь хиймэл үнс өгч байсан Колорадо мужийн шарил чандарлах газрын эзэн 40 жилийн хорих ял сонсов

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Колорадо мужийн шарил чандарлах газрын хамтран эзэмшигч талийгаачдын чандрын оронд ар гэрийнхэнд нь хиймэл үнс өгч байсныхаа төлөө шүүхээс 40 жилийн хорих ял сонсжээ.

Түүний эзэмшил газраас бараг 200 орчим муудсан шарил олдсон юм байна.

Яллагдагч Жон Холфордын гэргий асан, шарилын газрын хамтран эзэмшигч Кэри Холфорд бас ижил хэрэгт буруутгагдаад шүүх хурлаа хүлээж байгаа юм.

Колорадо мужийн Пенроз хотод оршдог “The Return to Nature” шарил чандарлах газарт 189 шарил дөрвөн жилийн турш зохисгүй байдлаар хадгалагдаж байсныг прокурорууд илрүүлж байжээ.

Баасан гарагт болсон шүүх хурлын үеэр танхимд хохирсон талийгаачдын ар гэрийнхэн багтахгүй байсан бөгөөд Жон Холфордод 50 жилийн хорих ял оноохыг шаардаж байв.

Цогцсуудыг тус газрын хөргөлтгүй хэсэгт бөөнд нь овоолсон байжээ.

зураг
 

“Хүн бүхний дотор сайн хүн байдаг гэдэгт би хувь хүнийхээ хувьд итгэдэг. Гэхдээ бид энэ итгэл үнэмшлийг өдөр бүр сорьдог дэлхий ертөнцөд амьдарч байна. Ноён Холфорд таны үйлдсэн хэрэг энэ итгэл үнэмшлийг нь минь дахин сорилоо” гэж шүүгч Эрик Бентли шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ялаа хөнгөрүүлэх хүсэлтэй Холфорд гэм буруугаа хүлээж, хохирогчдоос уучлал гуйжээ.

“Би бүх зүйлийг эрт зогсоох боломжтой байсан ч тэгж чадаагүй. Миний алдаа үеийн үед сургамж болох болно. Миний хийсэн бүхэн буруу” гэж тэр ялын дүгнэлт гарахаас өмнө шүүгчид хэлсэн байна.

Бизнесээсээ шарилуудыг зөв зохистой арчлах хангалттай мөнгө олдог ч шуналын улмаас ийм санаанд оромгүй аймшигтай зүйл хийсэн гэж прокурорууд тэдний үйлдлийг дүгнэжээ.

Колорадо Спрингс хотоос өмнө зүгт 48 км зайд оршдог тус байгууллага шарилыг чандарлахдаа химийн бодис ашиглалгүй, байгалийн аргаар биологийн задралд оруулах арга хэрэглэдгээрээ онцлог юм байна.

Тус газраас эвгүй үнэр гарах болсон тухай иргэдийн мэдээллийн дагуу шалгасны үр дүнд өнгөрсөн оны аравдугаар сар уг гэмт хэргийг илрүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC