Уншиж байна ...

Аяллын үеэр сансрын нисгэгчдэд iPhone хэрэглэхийг NASA анх удаа зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард хүн төрөлхтнөөс анх удаагаа огторгуйн гүн рүү аялах гэж байгаа сансрын нисэгчдэд уг түүхэн үйл явдлаа баримтжуулах боломж олгохын тулд iPhone хэрэглэхийг нь зөвшөөрснөө NASA-ийн удирдлага өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Артемис хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сард сарны ойролцоо нисэх аяллын багийнхан “хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас” авч явах болсныг тус байгууллагын захирал Жаред Айсаакмэн сошиал хуудсандаа бичсэн байна.

“Бид тэдэнд багийнхаа онцгой мөчүүдийг буулгаж, бусдад урам зориг өгөх зураг, дүрс бичлэгүүдээ дэлхий нийттэй хуваалцах хэрэгслийг өгч байна” гэж тэр бичжээ.

Сарны багийнхан хамгийн сүүлийн загварын iPhone гар утастай нисэх ба цаашдаа бусад үйлдвэрийн ухаалаг гар утаснуудад бас сансарт хэрэглэх зөвшөөрөл олгож магадгүй гэнэ.

Үүнээс өмнө NASA өөрийн сансрын хөлгүүдэд гар утас хэрэглэхийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм.

“Хэдийгээр арилжааны зорилготой нислэгүүдэд сүүлийн арван жилийн турш аюулгүй нэвтрүүлсэн ч энэ нь бидний хувьд анхны тохиолдол юм” гэж NASA-ийн хэвлэлийн төлөөлөгч Бетани Стивенс мэдээлжээ.

зураг
 
Жаред Айсаакмэн сарны аяллын баг болон тэднийг тээвэрлэх пуужинг танилцуулах үеэр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны сүүлээр NASA-ийн захирлаар тэрбумтан, нисгэгчийн үнэмлэхтэй Жаред Айсаакмэнийг томилсон нь тус байгууллагын хүнд суртлыг багасгаж, Илон Маскийн SpaceX зэрэг хувийн хэвшлийн компаниудыг сансрын хөтөлбөрт түлхүү татан оролцуулах зорилготой холбоотой байв.

Айсаакмэн өөрөө 2024 онд хувийн хөтөлбөрөөр сансарт нисэхдээ гар утас авч явсан юм.

Сансрын нислэгт арилжааны зориулалттай бүтээгдэхүүн ашиглах нь ховор бөгөөд ингэхийн тулд хатуу шалгууртай туршилтыг давах хэрэгтэй болдог.

Omega үйлдвэрлэгчийн Speedmaster Professional бугуйн цагийг Аполло багийнхан зүүж байсан бөгөөд саран дээр зүүсэн анхны бугуйн цаг болж байв.

Энэ аялалд зүүсэн цагийг одоо Смитсоны National Air and Space Museum музейд хадгалдаг. Гэхдээ яг ижил цагийг $7,500-аар авах боломж бүх хүнд нээлттэй байдаг юм.

 

Эх сурвалж: Reuters