Уншиж байна ...

Төрийн бус өмчийн сургуулиудын удирдлагууд боловсролын салбарын бодит нөхцөл, бодлогын асуудлаар байр сууриа илэрхийллээ

ikon.mn
1 минутын өмнө
Сурталчилгаа

Улаанбаатар хот, 2026 оны 2 дугаар сарын 6

Монгол Улсад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 910 сургуульд 821,300 сурагч суралцаж байна. Үүний 80,525 нь төрийн бус өмчийн 189 сургуульд суралцаж байгаа нь 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд боловсрол эзэмшиж буйг харуулж байна.

зураг
 

Монголын Хувийн Сургуулиудын Холбооны Бүх гишүүдийн ээлжит хурал хувийн хэвшлийн анхдагч сургуулиудын нэг болох Хобби сургууль дээр зохион байгуулагдлаа.  

Хуралд хот, орон нутгийн 95 орчим сургуулийн удирдах ажилтнууд оролцож, боловсролын салбарын бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчидтой шууд хэлэлцэв.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга,  Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх Г.Отгонтуяа, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар оролцож, салбарын бодлогын чиг хандлага, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, сургуулиудын удирдлагуудын санал, байр суурийг сонслоо.

Хурлын үеэр төрийн бус өмчийн сургуулиудын зүгээс дараах асуудлыг нэгдсэн байдлаар хөндөв. Үүнд:

  • Төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй сурагчдад хувьсах зардал олгодоггүй байгаа нь боловсролын тэгш хүртээмжийн зарчимд нийцэхгүй байна.
  • Хувийн сургуульд суралцагчдыг үдийн хоол, “Сүүн дархлаа” зэрэг төрийн дэмжлэгт хамруулдаггүй нь хүүхдийн хөгжлийг дэмжих бодлоготой зөрчилдөж байна.
  • Төрийн төсөл, хөтөлбөрүүдээс эдгээр сургуулийн сурагчдыг хасч буй зохицуулалт нь алагчаалал үүсгэж байна.

Мөн нийслэлийн болоод орон нутгийн сургуулиудын удирдлагууд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр боловсролын байгууллагыг тэгш дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолж, дараах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийх саналыг дэвшүүллээ.

1. Хувьсах зардлын шинэчлэл

Хувьсах зардлын итгэлцүүр, хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол шинэчлэх.

2. Хүүхдийн тэгш эрх, төрийн үйлчилгээ

Үдийн хоол, “Сүүн дархлаа” хөтөлбөр зэрэг дэмжлэгийг сургууль харгалзахгүй адил хэрэгжүүлэх.

Сургуулийн сонголтоос шалтгаалан хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх.

3. Багшийн нийгмийн баталгаа

  • Хувийн сургуульд ажилласан жилийг төрийн байгууллагынхтай адилтган тооцох.
  • 36 сарын тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг өмчийн хэлбэр харгалзахгүй алагчаалалгүй олгох.

4. Санхүүгийн дэмжлэг

Хувийн сургуулиудыг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамруулах.

5. Тусгай хэрэгцээт боловсрол

Орон нутагт аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд зориулсан орчин, мэргэшсэн багш, санхүүжилтийг бодлогод тусгах.

6. Хамтын хариуцлагын ойлголт

Хүүхдийн боловсрол нь төр, сургууль, гэр бүлийн хамтын оролцоонд тулгуурладаг болохыг бодлогоор дэмжих, нийгмийн хандлагад тусгах.

Дээрх саналууд нь багшийн хөдөлмөрийг үнэлэх, хүүхдийн тэгш эрхийг хангах, боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо цаашид гишүүн сургуулиудын оролцоонд тулгуурлан салбарын дуу хоолойг нэгтгэх, бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, төр–хувийн хэвшлийн уялдаа холбоог бодит түвшинд сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.