Уншиж байна ...

Обамагийн гэр бүлийг доромжилсондоо уучлал гуйхаас татгалзсан Трамп уг үйлдэлд туслахаа буруутгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсандаа ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишел Обама нарыг сармагчин болгож харуулсан дүрс бичлэгийг нийтлээд дараа нь устгасан юм.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл илэрхийлсэн түүний энэ үйлдэл АНУ-ын хоёр улс төрийн намын аль алиных нь гишүүдийн ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа дээрх дүрс бичлэгийн хэсгийг хальт үзсэнийхээ дараа нэг туслахдаа нийтлүүлэхээр өгсөн тухай ярьжээ.

Ингэхдээ Трамп алдаа гаргасан ажилтнаа халахгүй, гэхдээ өөрийнх нь алдаа биш тул уучлал гуйхгүйг мэдэгдсэн байна.

“Би эхний хэсгийг нь л харсан. Энэ нь үнэндээ сонгуулийн луйвар ямар жигшүүртэйг харуулсан бичлэг байсан. Дараа нь би хүмүүстээ өгсөн. Тэд бүгдийг нь үзэх ёстой байсан ч ингэлгүй нийтэлсэн байх гэж би бодож байна. Тийм болохоор сүүлд бид уг бичлэгийг устгасан” гэж Трамп тайлбарлажээ.

Асуудалд ойр ажилладаг эх сурвалжуудын мэдээлснээр Трампын сошиал медиа хуудсанд мэдээлэл нийтлэх эрхтэй хоёрхон ажилтан байдаг нь Дэн Скавино, Харп нар гэнэ. Эдгээрээс шинээр томилогдоод удаагүй Дэн Скавиногоос илүүтэй Харпыг хүмүүс хамгийн их сэжиглэж байна.

Гэхдээ сошиалд нийтэлсэн мэдэгдлээ устгасан нь Трампын хувьд ер бусын ховор алхам гэж ажиглагчид үзэж байгаа. Тэрбээр хамгийн ноцтой өдөөн хатгасан мэдэгдлүүдээ ч устгалгүй зөрүүдэлсээр ирсэн түүхтэй.

35 настай эмэгтэй Харп нь Трампын хамгийн үнэнч туслахуудын нэг юм. Тэрбээр 2024 оны дахин сонгуулийн кампанит ажилд оролцож эхэлсэн бөгөөд Трампын хамт зөөврийн хэвлэгч, нөөц хор байнга авч явж, түүнийг хэвлэмэл материалаар тогтмол хангадаг байсныхаа төлөө “Хүн хэвлэгч” хэмээх хочтой болж байжээ.

Сүүлд Харпын ажил үүрэг нэмэгдэж, ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэлтэй харьцах асуудлыг нь зохицуулдаг болсон байна.

Гэхдээ түүний Трамптай хэт ойр дотно байдал, албан ёсны удирдлагын бүтцээс гадуур ажиллах хандлага нь бусад туслахуудын дургүйцлийг төрүүлж, зарим нь нэг бус удаа хариуцлага хүлээлгэхийг шаардаж байсныг эх сурвалжууд баталж байна.

Гэвч Трамп эдгээрийг няцааж, Харпын үнэнч байдлыг өндрөөр үнэлж, Цагаан ордон дахь байр суурийг нь өргөх болсон гэнэ.

 

Эх сурвалж: Reuters