Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарыг сармагчин болгож харуулсан дүрс бичлэгийг сошиал хуудсандаа хуваалцсан ч олон хүний ширүүн шүүмжлэлтэй тулгарсны дараа устгажээ.
Энэ талаар Цагаан ордноос “Цагаан ордны ажилтан энэ бичлэгийг алдаа гаргаж нийтэлсэн байна. Бичлэгийг устгасан” гэж сүүлд мэдэгдсэн юм.
Трампын өөрийнх нь Бүгд Найрамдах намын хэд хэдэн нэр хүндтэй улс төрч Африк гаралтай иргэдийг арьс өнгөний үзлээр ялгаварласан агуулгатай энэ үйлдлийг хатуу шүүмжилсний дараа Цагаан ордон ийм мэдэгдэл гаргажээ.
Трампын тараасан хиймэл оюуны технологиор бүтээсэн байж болзошгүй дүрс бичлэгт Обама болон түүний гэргийн толгойг бүжиглэж буй сармагчнуудын биед залгасан байв.
Бүгд Найрамдах намын Африк гаралтай сенатор, Трампын холбоотон Тим Скотт “Цагаан ордноос өмнө нь ийм арьс өнгөөр ялгаварласан агуулгатай зүйл гарч байсныг би мэдэхгүй юм. Тиймээс хуурамч зүйл байгаасай гэж залбирч байна. Ерөнхийлөгч үүнийгээ устгах ёстой” гэж мэдэгджээ.
Өөр олон улс төрч Трампыг уг бичлэгээ устгаж, олон нийтээс уучлал гуйхыг шаардаж байв.
Бичлэгийг устгахаас өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт ерөнхийлөгчийнхөө үйлдлийг хамгаалсан ч үр дүнд хүрээгүй юм.
Тэр “энэ бол ерөнхийлөгч Трампыг ширэнгийн хаан, Ардчилсан намынхныг ‘Арслан Хаан’ хүүхэлдэйн киноны бусад баатрууд болгож харуулсан интернэт мэмийн хэсэг байсан” гэж тайлбарласан нь хүмүүсийн дургүйцлийг улам дэвэргэж байв.
Обамагийн гэр бүлээс энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Цагаан арьстны давамгайллыг дэмжигчид олон зууны турш Африк гаралтай хүмүүсийг сармагчинтай зүйрлэсээр ирсэн байдаг.
Трампын хувьд арьс өнгөний үзэл илэрхийлж байсан түүхтэй хүн бөгөөд Барак Обамаг АНУ-д төрөөгүй гэсэн хуйвалдааны онолыг удаан хугацаанд сурталчилж байсан юм.
Арванхоёрдугаар сард тэр Сомали хүмүүсийг АНУ-аас хөөн гаргах ёстой “хог новшнууд” гэж нэрлэж байв.
Трамп бас Сомали болон бусад хөгжиж буй улс орнуудыг “хогийн цэг” гэж доромжилж байсан удаатай.
“Дональд Трампын дүрс бичлэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан туйлын жигшүүртэй үйлдэл юм. Үүнийг харсан сонгогчид сонгуулийн санал хураалтын үеэр санах болно” гэж Америкийн өнгөт арьстан иргэдийн эрхийг хамгаалах NAACP байгууллагын үндэсний ерөнхийлөгч Деррик Жонсон анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!