Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лос-Анжелесын үймээнийг даруулахаар Пентагон тэнгисийн явган цэргийн 700 алба хаагчийг илгээх шийдвэр гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Лос-Анжелес хотод Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн үймээн дэгдсэн нь дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Холбооны цагаачлалын албаныхан тус хотод олон арван хууль бус цагаачийг баривчилсны дараа ийм эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн юм.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны цэргийн нөөц хүчнээс 2,000 алба хаагчийг Лос-Анежелс хотод илгээсэн нь улс төрийн томоохон маргаан дэгдээгээд байгаа.

Тэгвэл Даваа гарагт Пентагон тэнгисийн явган цэргийн 700 алба хаагчийг нэмж илгээх шийдвэр гаргасан нь нөхцөл байдлыг улам хурцатгалаа.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом болон Лос-Анжелес хотын захирагч Карен Басс нар асуудлыг өөрийн цагдаагийн хүчээр шийдвэрлэх боломжтой байтал холбооны засгийн газраас цэргийн хүч илгээснийг эсэргүүцэж байна.

АНУ-ын муж доторх асуудалд холбооны засгийн газар ингэж оролцох нь маш ховор тохиолдол юм. Хэрвээ ингэх бол мужийн захирагчийн хүсэлт дээр ихэнхдээ үндэслэдэг.

Хамгийн сүүлд 1965 онд Алабама мужийн Селмад гарсан иргэний эрхийн төлөө жагсаал тэмцлийг зохицуулахаар ерөнхийлөгч Линдон Жонсон мужийн захирагчийн хүсэлтгүйгээр Үндэсний Гвардын цэргүүдийг илгээж байжээ.

Цэргийн хүч илгээсэн асуудал Бүгд Найрамдах намын ерөнхийлөгч болон Ардчилсан намын захирагч нарын хоорондын зөрчил маргааныг улам гүнзгийрүүлж байна.

Даваа гарагийн өглөө Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом цэрэг илгээсэн ерөнхийлөгч Дональд Трампыг шүүхэд өгөхөөр сүрдүүлсэн юм. Өмнө нь тэр цэргээ буцааж татахыг холбооны засгийн газарт хэд хэдэн удаа уриалж байв.

Хариуд нь Трамп захирагчийг баривчлах санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнийг Ньюсом урьд өмнө хэзээ ч болж байгаагүй зүйл гээд хэрвээ ингэвэл “авторитар дэглэмд шилжих алхам” болохыг анхааруулжээ.

Ньюсомыг баривчлах санааг Бямба гарагт АНУ-ын хилийн хамгаалалт хариуцсан агентлагийн захирал Том Хоман анх гаргаж байв.

Тэрбээр холбооны засгийн газрын хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаанд саад учруулсан хэнийг ч, тэр дундаа Калифорни мужийн захирагчийг баривчлахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр ерөнхийлөгч Трамп “Хэрвээ би Томын оронд байсан бол түүнийг баривчлах байсан. Үүнийг гайхалтай санаа гэж би бодож байна” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Даваа гарагийн орой Трамп дахин захирагч руу дайрсан байна.

“Түүний Калифорнид хийж буй ажлыг хар л даа. Тэр манай аугаа мужуудын нэгийг сүйрүүлж байна. Бид хууль дүрэм, дэг журам тогтоож чаддаг байх ёстой” гэж тэр нэгэн хурлын үеэр хэлжээ.

зураг
 
Ерөнхийлөгч Трамп, захирагч Ньюсом нар Калифорнийн ой хээрийн түймрийн үеэр

Америкийн хамгийн том мужийг захирдаг Гэвин Ньюсом бол Ардчилсан намын шилдэг улс төрчдийн нэг бөгөөд 2028 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүн юм.

Хэдийгээр үндсэн хуулиар хориотой ч ерөнхийлөгч Трамп 2028 онд гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх санааг цухуйлгадаг. Тиймээс тэд дараагийн ерөнхийлөгч болох өрсөлдөөнд орж магадгүй хүмүүс юм.

Калифорни бол хүн амын тоо болон эдийн засгийн хүчин чадлаар АНУ-ын тэргүүлэгч муж. Тус мужийн эдийн засаг дангаараа дэлхийн улс орнуудын дотор дөрөвдүгээрт жагсах хэмжээтэй.

Лос-Анжелес бол оршин суугчийн тоогоор Нью-Йоркийн дараа ордог АНУ-ын хоёр дахь том хот юм.

 

Эх сурвалж: Reuters