Уншиж байна ...

Ираны гол боомтод асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас найман хүний амь үрэгдэж, 750 гаруй хүн шархаджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Иран улсын хамгийн том худалдааны боомтод асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хамгийн цөөндөө найман хүний амь үрэгдэж, 750 гаруй хүн шархадсан байна.

Дэлбэрэлт болсон Шахид Ражай боомт нь Ираны өмнөд эрэгт, Персийн булангийн Ормузын хоолойд оршдог.

Дэлбэрэлтийн хүч маш өндөр байсан бөгөөд боомтоос 50 хүртэл километр зайтай амьдардаг хүмүүст мэдрэгдсэн байна.

Тухайн боомт орчмын сургуулиуд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг Ням гарагт зогсоох шийдвэрийг Ираны эрх баригчид гаргажээ.

Ираны дотоод хэргийн яам боомтод байсан нэг чингэлэгт гал гарсан нь бусад чингэлгүүдэд тарсан тухай мэдээлсэн байна.

зураг
 

Зарим эх сурвалжууд уг чингэлэгт баллистик пуужингийн материал тээвэрлэгдэж байсан байх магадлалтай гэж дүгнэжээ.

Тухайлбал далайн тээврийн эрсдэлийг үнэлдэг Ambrey Intelligence хувийн компани “Ираны баллистик пуужингийн үйлдвэрлэлд ашиглах зорилготой хатуу түлшийг зохих журмын дагуу тээвэрлээгүйгээс болсон” гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн сард Ираны далбаатай хөлөг онгоц “sodium perchlorate” гэгддэг пуужингийн түлшийг тус боомтод буулгаж байсныг дээрх компани баталжээ.

Өмнө нь “Financial Times” сонин ийм төрлийн ачаатай хоёр хөлөг Хятадаас Иранд ирснийг мэдээлж байсан байна.

Шахид Ражай бол Ираны хамгийн том, хамгийн орчин үеийн боомт тул тус улсын гадаад худалдааны ихэнх ачаа дамжин өнгөрдөг.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан хохирогчдод гүн харамсал илэрхийлээд ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг дотоод хэргийн яам хариуцахаар болсныг мэдэгджээ.

зураг
 

Энэхүү дэлбэрэлт нь Иран, АНУ-ын хооронд цөмийн яриа хэлэлцээ үргэлжилж байгаа цаг үетэй давхцаж байна.

Трампын засаг захиргаа Иран улсыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулахыг зорьж байгаа.

Оманы зуучлалтай яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсныг талуудын аль аль нь мэдээлж байгаа ч Тегераны төлөөлөгч байр суурийн зөрүүгээ арилгахад илүү их ажиллах шаардлагатай байгааг анхааруулжээ.

Ираны тал уран баяжуулалтаа цөмийн зэвсэгт ашиглах түвшинд хүргэхгүй байх амлалт өгснийхөө хариуд эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлуулах сонирхолтой байгаа юм.

Өмнө нь ийм гэрээг 2015 онд Иран улс дэлхийн зургаан их гүрэнтэй байгуулж байсан ч Дональд Трампын засаг захиргаа 2018 онд уг гэрээнээс АНУ-ыг гаргаснаар хүчингүй болж байв.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа