Уншиж байна ...

Дэлхийн хамгийн өндөр дуусаагүй цамхгийн барилгын ажил арван жилийн дараа үргэлжлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр “дуусаагүй барилга” хэмээн цоллогдож байсан барилгын ажил арав орчим жилийн дараа үргэлжлэхээр болсныг Хятадын төв хэвлэл энэ долоо хоногт мэдээлжээ.

Тяньжин хотод боссон 597 метр өндөр “Goldin Finance 117” цамхгийн барилгын ажил санхүүгийн хүндрэлийн улмаас 2015 оноос хойш зогсоод байсан юм.

Тэгвэл барилгын ажлыг энэ онд сэргээж, 2027 онд дуусгахаар болжээ.

2008 онд анх шавыг нь тавих үеэр 117 давхар энэ цамхгийг Хятадын хамгийн өндөр барилга болно гэж үзэж байв.

Дээд давхруудад нь таван одтой зочид буудал, бусад хэсэгт нь оффис төлөвлөж байжээ.

зураг
 

Гэвч 2015 онд Хятадын хөрөнгийн зах зээлд гарсан хямралын улмаас барилгын санхүүжүүлэгч Хонконгийн Goldin Properties Holdings компани хүнд байдалд орсон юм.

Тус компанийг үүсгэн байгуулагч, Хонконгийн хамгийн баян эрхмүүдийн нэгд тооцогддог байсан Пан Сутон энэ хямралын дараа дампуурлаа зарлаж байв.

Харин одоо цамхгийг Хятадын төрийн өмчит BGI Engineering Consultants компани үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.

Эндээс харвал Хятадын засгийн газар дуусаагүй төслийг үргэлжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй бололтой.

Анх Хятадын хамгийн өндөр барилга болох байсан “Goldin Finance 117” цамхаг хэрвээ хугацаандаа ашиглалтад орвол Шанхай хотын Шанхай Тауэр, Шэнжэн хотын Пин Ань Санхүүгийн Төвийн дараа улсдаа гуравдугаарт орох юм.

Мөн дэлхийд наймдугаарт жагсах өндөр барилга болохоор байна.

Өнгөрсөн онд дэлхий даяар 200 метрээс дээш өндөртэй 133 барилга ашиглалтад орсны 91 нь Хятадад сүндэрлэжээ.

 

Эх сурвалж: CNN