Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны нөхөн сонгуультай холбоотойгоор Тоглогчдын Холбоо (MFFA)-ноос өчигдөр мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал нэр дэвшигч Ц.Анандбазарыг эсэргүүцэж, сонгуулийг цуцлахыг шаардсан бөгөөд уг шаардлагыг биелүүлэх хүртэл тамирчид талбайд гарахгүй гэдгээ зарласан билээ.
Тэднийг мэдэгдэл гаргасны дараа МХБХ-ны зүгээс хариу мэдэгдэл гаргасан юм. Үүнд " Ээлжит бус Их хурлын үеэрх оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Цагдаагийн байгууллагад хандаад буйг үүгээр мэдэгдье. Аливаа тамирчин болон баг нь МХБХ-ны хуваарьт тэмцээн, уралдаанд оролцохгүй байх нь Олон улсын Хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу хариуцлага хүлээх заалттай болохыг сануулъя" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Тоглогчдын Холбооны тэргүүн, "ФС Улаанбаатар" клубийн хамгаалагч Д.Төрбат, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Брера Илч" болон шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, ерөнхий нарийн бичиг, "Төв Азарганууд" багийн хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ нар хэвлэлийн бага хурал хийв.
Энэ талаар Д.Төрбат "Ямар учраас тоглолтоо хаях шийдвэр гаргаж байна вэ гэвэл холбооны сонгууль шударга бус болж байгаатай холбоотой. Сонгуулийн хорооныхоо журам болон дүрмээ зөрчиж, ил тод байдал, шударга сонгууль явуулна гэсэн амлалт нь сонгон шалгаруулалтаасаа эхлээд зөрчигдөж байна.
Үүнтэй холбоотойгоор шаардлагууд гаргаж, тайлбар хүссэн ч одоог хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй. Эсрэгээрээ биднийг гутаан доромжлох нь хэрээс хэтэрч, эгдүүцэж байна.
Манай холбоонд үүсээд байгаа асуудал нь зөвхөн сонгууль ч биш. Өмнө нь санхүүгийн зөрчил гаргасан үйлдлүүдийг нь Түр хороо байгуулагдан шалгаж, мэдээллийг ил тод болгосон ч ийм асуудалд оруулсан хүмүүстэй нь хариуцлага тооцоогүй. Бидний зүгээс энэ талаар шаардлага хүргүүлсэн ч Удирдах зөвлөл маань хүлээж аваагүй.
Бидний гаргасан шаардлага мэдэгдэлд хөлбөмбөгтэй холбоотой зарим хүмүүс нэгдэж байгаагаа илэрхийлж эхэлсэн. Тухайлбал дасгалжуулагчдын зөвлөл нэгдэж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Мөн ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл ч энэ тал дээр санал нэг байгаагаа мэдэгдсэн.
Хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбосон бидний эрх улс төрчдийн хараат байдалд байна. Үүнийг эсэргүүцэн тэмцэх учраа олж ядаад сүүлдээ тоглолтоо хаях шийдвэр гаргаж байгаа юм шүү. Үүнийг ойлгоорой" гэв.
УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгуульд нэр дэвшиж байгаа талаар Ц.Мөнх-Эрдэнэ "МХБХ бол үе үеийн улс төрчдийн идэж уудаг газар болсон. Байгууллагыг яаж муу удирдаж авч явдгийг манай холбооны удирдлагууд бидэнд яруу тодоор харуулж байна.
Манай холбооны дүрэмд зааснаар сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн дөрвөн жил хөлбөмбөгийн спорттой холбоотой үйл ажиллагаанд оролцсон байх ёстой гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Энэ шаардлагыг ч хангаагүй байж Ц.Анандбазарыг ямар учраас сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авч байгааг ойлгохгүй байна.
Манай тоглогчдын холбооноос мэдэгдэл гаргахаар холбоо хариу мэдэгдэл гаргахдаа цагдаа, хууль хүчний хамгаалалт авна гэнэ. Ингэж бусдыг айлгаж сүрдүүлдэг. Манай холбооны өмнөх ерөнхийлөгч УИХ-ын гишүүн А.Ганбаатар энэ бүх хорыг найруулдаг.
Уг нь УИХ-ын гишүүн хүн төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд байх ёсгүй. Бид аргаа бараад ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандахаар бичгээ бэлдээд ирсэн.
Бидний үе ингээд дуусаж байна. Энэ спортод хайртай дүү нарынхаа ирээдүйн төлөө ийм тэмцэл хийж байгаа юм. Ярьдаг шигээ шударга байцгаая" гэсэн юм.
Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш "МХБХ-д үүсээд байгаа асуудал гэнэт болчихсон зүйл биш. Талийгаач Б.Ганболд ерөнхийлөгч Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос авлига авсан нь илрээд хөөгдсөн. Ингээд 2015 онд яг өнөөдрийнх шиг шударга бус сонгууль явагдаж А.Ганбаатар гэдэг хүн сонгогдсон.
Энэ хүн ажилласан хугацаанд манай хөлбөмбөг ямар байдалтай байсан нь бүх хүний нүдэнд ил бий. Өөрөө ид тоглож байсан хүнийхээ хувьд хэлэхэд яг өнөөдрийн хөгжил 2015 оныхоосоо ч дор байна.
Шинэ ерөнхийлөгч гарч ирээд эхний хоёр жил хөлбөмбөг хөгжиж байгаа юм шиг харагдуулдаг. Тамирчдын цалин хангамж нэмэгдэж, тэмцээний шагналын сан ч өсдөг. Тэр хүн анх ерөнхийлөгч болохдоо шигшээ багийн тамирчид цалинтай байх ёстой гэсэн гэсэн ч дөрвөн жилийн дараа энэ шийдвэрээсээ буцсан.
Үүнээс гадна Дээд лигийн шагналын мөнгө цаг хугацаандаа ордоггүй. МХБХ-ны нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа М.Ганбаатар 21 аймгийн хөлбөмбөгийн удирдлагууд руу ярьж, иргэн Ц.Анандбазарыг дэмжвэл шагналын мөнгийг чинь олгоё гэсэн санал тавиад явж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ маягаар санал худалдаж авдаг.
Бидний шаардлага бол тодорхой байгаа. Ц.Анандбазарын нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх, сонгуулиа ил тод, шударга хийхийг л бид хүсэж байна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|