"Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ болон гарааш, машиныг нүүлгэх ажил өрнөж байна" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэх ажил нийслэл хотод үргэлжилж байна.

Дүүргүүдээс өгсөн мэдээллээр нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэжээ. Үүнд:

  • 4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах 1
  • 6-р хороо, 14А байрны баруун талд 1
  • 6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал 1
  • 8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд 1
  • 13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий 1
  • 13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд 1
  • 15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд 1
  • 18-р хороо, Сентоза автобусны зам дагуу 16
  • 19-р хороо, 61-р байрны баруун талд 2
  • 30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд 1
  • 31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талын хоёр ТҮЦ.

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа аж.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд явган хүний зорчих хэсэгт саад учруулж байршуулсан болон 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн хойд талд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэсэн байна.

зураг
 

Чингэлтэй дүүрэгт Дэнжийн 32 дугаар гудамжинд байрлах хоёр, Тахилтын 1 замын хажуугийн нэг, Баруун тасган А-17 “Star” дэлгүүрийн гадна талын хоёр, 30а байрны зүүн талд байрлах нэг автомашиныг тус тус эзэмшигчтэй нь холбогдож газрыг чөлөөлсөн бол нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эзэмшигчдэд нүүлгэх тухай мэдэгдэл өгчээ. Түүнчлэн “Баянбүрд” төвийн эргэн тойронд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах ажил үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Москва, Содон хороолол, Драгон төвийн орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд удаан хугацаагаар автомашинаа байршуулсан зөрчлийг арилгаж, талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт зөвшөөрөлгүй гурван байршлын 18 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр эзэмшигчдэд нь мэдэгдэл хүргүүлжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 31 гараашийг чөлөөлөхөөр байгаа бөгөөд газрыг чөлөөлсний дараа ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.